Гуравдугаар сарын 3-5-ны хооронд шинжилгээний цэгүүдийн тоог наймаар нэмэгдүүлж, 22 болголоо. НОК-оос дүүргүүдэд тогтмол ажилладаг шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлж байна. Ингэснээр 16:00 цагийн байдлаар 17261 иргэнийг шинжилгээнд хамруулжээ.
Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээж, шинжилгээ өгсөн иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж буй. Гэвч үүнтэй холбоотойгоор хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал үүсгэснээс ердийн горим алдагдаж эхэлсэн тул дээрх шийдвэрийг гаргажээ.
Шадар сайд УОК, НОК-ийн удирдлагуудыг дуудан цаг үеийн тулгамдсан асуудал болох
- Орон нутаг руу зорьж буй иргэдийн ПСР-ын шинжилгээг ачаалал үүсгэлгүй түргэн шуурхай авах,
- Сорьцын хариуг 24 цагаас хэтрүүлэлгүй гаргах,
- Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх,
- Шуурхай штабын үйл ажиллагааг хурдтай, зохион байгуулалттай болгох зэрэг шуурхай чиглэл өгч, шууд хэрэгжүүлж эхлэхийг үүрэг болгожээ.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ