Улсын хэмжээнд 25 сая мал төллөх урьдчилсан мэдээтэй байна. Хаваржилт хүндэрч болзошгүй байгаа тул төл малын хорогдлоос урьдчилан сэргийлэх үүднээс ХХААХҮЯ 50 гаруй ААН-тэй 120 мянган тонн тэжээлийг импортоор оруулж ирж нийлүүлэх гэрээ байгуулсан юм.
Өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд 440 мянган толгой мал хорогдоод байгаагаас Баянхонгор аймагт 220 мянга гаруй буюу хамгийн их мал ногдож байна. Удаалаад Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Дундговь аймаг орж байна. Малын зүй бус хорогдлын 63.1 хувийг эдгээр аймаг эзэлж байна. Мал ихээр хорогдож буйтай холбоотойгоор малын сэг зэмийг устгаж ариутган халдваржүүлэх ажлыг хийх талаар албан тоотыг ХХААХҮЯ-наас аймгуудад хүргүүлээд байна.
Отор нүүдэл их байгаа Хэнтий, Булган, Говь-Сүмбэр, Дорноговь аймагт бэлчээрийн даац хэтэрснээр мал төллөх үеэр идэш тэжээл хомсдож, хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг салбарын яамнаас мэдээллээ.
Б.Эрдэнэ