Францын шүүх даваа гаригт тус улсын Ерөнхийлөгч асан Никола Саркозиг авлигалын хэрэгт гэм буруутай гэж үзэн гурван жилийн хорих ял оноолоо.
Парис хотын шүүхээс түүнийг 2012 онд Францын Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсныхоо дараа өөрийнх нь 2007 оны сонгуулийн кампанит ажлын санхүүжилттэй холбоотой хэргийн мөрдөн байцаалтын нууц мэдээллүүдийг олж авах зорилгоор шүүгчид хахууль өгч, нөлөөлөхийг оролдсон гэж үзсэн юм.
Тодруулбал 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр алдарт гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “L’Oreal” брэндын өв залгамжлагч Лилиан Беттанкуртаас хууль бус төлбөр хүлээн авсан гэх хэрэгт холбогдож байв. Харин Никола Саркози уг хэргийн мөрдөн байцаалттай холбоотой мэдээллийн хариуд өөрийн ойрын харилцаатай шүүгч Гилберт Азибертэд авлигал санал болгосон болохыг тогтоосон байна.
Мөн Францын прокурорын байгууллага Никола Саркози 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд зориулж Ливийн дарангуйлагч асан Муаммар Каддафигаас олон сая еврогийн дэмжлэг авсан гэх хэргийг шалгаж эхлээд байна. Тухайн үед Муаммар Каддафи хэдэн арван мөнгө Парис руу ачуулж байсан гэх баримт байдаг аж.
Түүний нэг жилийн хорих ялыг гадуур эдлүүлэх бөгөөд гэрийн хорионд байх хугацаанд хөдөлгөөнийг нь цахилгаан бугуйвчаар хянах юм байна. Саркозигийн өмгөөлөгч Тьерри Эрцогт ч мөн дээрхтэй ижил ял оноожээ.
Л.Баяр