Монгол Улсын Шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг өнөөдрөөс буюу 2021.03.01-ээс эхлэн дагаж мөрдөнө.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн онцлох заалтуудийг танд хүргэж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл шинэ зохион байгуулалтаар ажиллана
Шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий ШЕЗ-ийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, гишүүнийг томилох журам, тавигдах шаардлагыг анх удаа энэ хуульд оруулж өгчээ.
Тодруулбал, ШЕЗ-ийн 10 гишүүнтэй байх бөгөөд тавыг дөрвөн жилд нэг удаа хуралдах Монгол Улсын нийт шүүгчдийн хурлаас нууц санал хураалтаар тодруулна. Үлдсэн тавыг нь УИХ нээлттэй сонсголоор танилцаж, томилно. Мэргэжлийн тусгай ажлын хэсэг ажиллаж, нээлттэй ил тод сонгон шалгаруулалт зарлаж тэдээс хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдийг УИХ-д оруулж ирнэ.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн эрх зүйч мэргэжлээр 10-аас доош жил ажилласан, хууль зүйн өндөр мэдлэгтэй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн өндөр албан тушаал болоод улс төрийн намын албан тушаал эрхэлж байгаагүй, улс төрөөс ангид байх шаардлагыг хуульд тусгасан.
ШЕЗ нь багийн зарчмаар ажиллаж, мэргэжил, ур чадварын хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид гаргана.
Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байсан хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын бүх шүүгчийг, ерөнхий шүүгчдийг ШЕЗ-ийн гишүүдийг, Шүүхийн ёс зүйн хорооны бүх гишүүнийг 100 хувь ганцаараа томилж байсан. Энэ хэт төвлөрсөн эрх мэдэл нь өөрөө хонгилыг үүсгэлээ гэдэг шүүмжлэлийг бий болгосон.
Тиймээс эрх мэдлийг Үндсэн хуулийн хүрээнд задалсан нь шинэчлэлийн амин сүнс нь юм. Монгол Улсын Ерөнхийлөгчид бүх шатны шүүхийн шүүгчийг томилох эрх мэдэл нь Үндсэн хуулиар хэвээр байгаа. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох эрх нь хэвээр үлдээсэн билээ.
Шүүхийн сахилгын хороо ажиллаж эхэлнэ
Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлж, шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг Шүүхийн тухай хуульд тусгасан.Хуульд зааснаас өөр үндэслэл, өөр үзэмжээр шүүгчдэд хариуцлага тооцохгүй болгосон. Хуульд заасан зөрчлийг гаргаж, хариуцлага алдсан, ёс зүйгүй авирласан шүүгчид хариуцлага тооцох хараат бус Шүүхийн сахилгын хороо ажиллах эрх зүйн орчин бүрдэж байна.
Шүүхийн сахилгын хороо бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цоо шинээр байгуулагдсан Үндсэн хуулийн байгууллага. Сахилгын хороог шүүгчийг огцруулах, түдгэлзүүлэх хариуцлага тооцох эрх бүхий байгууллага гэж заасан. Сахилгын хорооны шүүгчийг огцруулсан шийдвэр эцсийнх байх юм байна.
Улсын дээд шүүх Сахилгын хорооны шийдвэрийг ганцхан үндэслэлээр хянана. Энэ нь сахилгын хэрэг үүсгэгдсэн, сахилгын шийтгэл хүлээсэн тухайн шүүгчийн Үндсэн хуульд заасан өөрөө өөрийгөө өмгөөлөх, тайлбар мэдүүлэг гаргах эрхийг хангаж өгөөгүйгээр шийдвэр гаргасан тохиолдолд л хянах юм байна. Бусад үндэслэлээр, агуулгаар нь тухайн шүүгчийг огцруулсан уу, тухайн шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан уу гэдэг асуудал руу орохгүй. Шүүхийн багц хууль батлагдсанаар шүүгчдэд хариуцлага тооцох, хяналт тавих хөндлөнгийн хараат бус, Үндсэн хуулийн бус байгууллага ажиллах боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид тайлбарласан.
Шүүгчид улстөрд нөлөө бүхий албан тушаалтантай уулзахдаа заавал тэмдэглэл хөтөлнө
Шүүгчийн сахилга, хариуцлагыг өндөржүүлэхээс гадна улс төрөөс, даргаас хараат бус байлгах үүднээс шүүгчид улс төрийн нөлөө бүхий өндөр албан тушаалтан /Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн/, ямар нэгэн дарга /ШЕЗ-ийн гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүн г.м/-тай албан ажлаар уулзаж байгаа бол заавал тэмдэглэл хөтөлнө.
Тухайн шүүгч гурав хоногийн дотор уулзалтаар тэмдэглэсэн протоколоо Шүүхийн ерөнхий зөвлөлд нууцын журмаар ирүүлнэ. Шүүгч өөрөө бичнэ, мөн уулзсан хүн ч бичнэ. Хэрвээ уулзалтын протоколоо бичихгүй бол төрийн өндөр албан тушаалтан, тухайн шүүгч өөрөө ч Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр огцрох үндэслэл болно.
Хэргийг Ерөнхий шүүгчийн үзэмжээр хуваарилахгүй
Шүүхийн хэрэг хэрхэн хуваарилах ерөнхий нийтлэг журмыг хуульчилж бичсэн. Хэрэг хуваарилалтыг сугалаагаар, тухайн шатны шүүхийн нийт шүүгчийн зөвлөгөөнөөр шийднэ. Ингэснээр тухайн шатны шүүхийн хэрэг бүрийн шүүх бүрэлдэхүүнийг ерөнхий шүүгч шийдэхгүй юм байна. Жишээ нь, Батын хэрэг дээр энэ нь гурван шүүгч орно гэж нэр цохож заахгүй. Нийт шүүгчдийн хурлаар, бие биедээ хяналттай, дотоод ардчиллын зарчмаар ажиллах юм байна.
Түүнчлэн шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно гэж заажээ.
Сайн хууль амилах эсэх нь хүнээс хамаарна
Хууль санаачлагч, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр хууль батлагдсаны дараа хэлсэн үгэндээ “Шүүхийн хууль тогтоомжийг цогцоор нь өөрчилж, шинэчиллээ. Тиймээс энэ хуулийг шинэчлэлийг шударга ёсны хувьсгал гэж үзэж байгаа.
Шударга ёсны хувьсгалыг хуулиар хийх, хуулиар засварлах алхмыг хийлээ. Гэхдээ энэ бол зөвхөн гараа. Одоо сайн хууль амилах эсэх нь хүнээс хамаарна. Тэр дотроо Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа 500 гаруй шүүгчээс ихээхэн хамаарна. Бид хуулиа гаргахдаа тэдгээр шүүгчдийг хөтөч болгохын тулд ирээдүйгээ харж хийсэн.
Бид өнгөрсөн рүүгээ биш, ирээдүйг харж хуулиа бичсэн. Одоо байгаадаа сайн дүгнэлт хийж, ирээдүйдээ цагаан жин татуулж, шударга ёсыг манлайлахыг зорьж энэ хуулийн шинэчлэлийг хийсэн. Энэ шаардлагад шүүгчид маань нийцэж, өөрсдийгөө засаж, нийцүүлж ажиллах үүрэг ирж байна. Ингэж чадахгүй, өнөөдөртэйгөө байхыг хүсч, эрх мэдэлтэй зууралдаж, авлигажин, хонгилдон, муу муухайтай эвлэрч, сайн бүхнийг үгүйсгэж ажиллабал тухайн шүүгч шаардлага хангахгүй.
Шаардлага хангахгүй хүнтэй хариуцлага тооцох эрх ард түмнийг төлөөлдөг УИХ-д байгаа. Энэ утгаараа гараа гэж хэлж байгаа юм. Хууль хэрэгжих явцдаа олон саад бэрхшээлийг туулах болно. Учир нь олон хүний эрх ашгийг хөндөж байгаа. Тэдгээр хүмүүс янз бүрийн байдлаар энэ хуулийн үзэл санааг үгүйсгэх, таслан зогсоохыг оролдсон үйлдлээ зогсоохгүй, хийх болно гэдгийг мэдэж байгаа. Үүнийг улдан дарж, шударга ёсны манлайлал, түчээ болох хүч УИХ-д байгаа гэдгийг сануулъя” гэсэн юм.
Та дээрх уулийн бүрэн энхийг дараах холбооноос үзнэ үү: https://www.legalinfo.mn/law/details/16047?lawid=16047