КОВИД-19-тэй холбоотой худал мэдээлэл аль хэдийнээ олширч, зөвхөн хувь хүмүүст төдийгүй нийгэмд бүхэлд нь заналхийлж байна. Иргэд шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгөөг үл ойшоож, өөрсдийгөө эрсдэлд оруулж байна.
Засгийн газрууд, бодлого боловсруулагчдад үл итгэх байдлыг бий болгож байна. Мөн сэтгүүлчид шинэ мэдээллийг идэвхтэй мэдээлэхийн оронд худал хуурмагийг залруулахад хүчин чармайлтаа зарцуулж байна.
Энэ асуудал хүн бүрийг хүнд байдалд оруулж байна. Худал мэдээллийн сэдэл нь янз бүр байна. Зарим нь мөнгө олохын тулд байдаг бол нөгөө хэсэг нь улс төрийн давуу байдал олж авах, өөртөө итгэх итгэлийг бууруулах, буруутган зэмлэх, хүмүүсийг туйлшруулах, цар тахлын эсрэг хариу үйлдлийг сулруулах зэрэг сэдэл агуулж болно.
Нөгөөтээгүүр, зарим залагчид мунхаглах, хувийн эго эсвэл тус болох санаатайгаар бусдыг төөрөгдүүлдэг байж болно. Хувь хүн, зохион байгуулалттай бүлэг, зарим хэвлэл мэдээлэл, албан ѐсны сувгууд санаатайгаар ч санамсаргүйгээр ч худал мэдээлэл түгээх тохиолдол бий. Худал мэдээллийн цар тахал буюу дисинфодемик нь ихэвчлэн үнэн мэдээллийн дунд худал хуурмагийг нуун дарагдуулж байдаг бөгөөд хувцсаар өөрийгөө халхавчилдагтай ижил юм.
Үүнд худал эсвэл төөрөгдүүлсэн мем, худал эх сурвалжаас өгсүүлээд, хүмүүсийг урхинд оруулж худал холбоос дээр даруулан залилах гэмт хэрэг хүртэлх сайн танигдсан аргууд багтана.
КОВИД-19-тэй холбоотой худал мэдээлэл нь өвчний гарал үүсэл, өвчлөлийн тохиолдол, өвчний шинж тэмдэг, эмчилгээ, засгийн газрууд, бусад оролцогч талуудын хариу арга хэмжээний талаарх бүхий л мэдээнийг агуулгад нөлөөлж байна.
DISINFODEMIC-ШИНЖ БАЙДЛЫН ҮНДСЭН ДӨРВӨН ТӨРӨЛ
Цар тахлын үеийн янз бүрийн нөхцөл байдал, тэдгээрийн үр дагаврын талаарх олон нийтийн ойлголтыг төөрөгдүүлэхийн тулд КОВИД-19-тэй холбоотой худал мэдээлэл өргөн хүрээний хэлбэрээр илэрч байна. Ихэнх нь дархлаажуулалтын эсрэг аян, улс төрийн худал мэдээллийг дэвэргэж байна.
Тэд шалтгаан бус итгэл үнэмшил дээр, үр дагавар бус мэдрэмж дээр төвлөрөх замаар хүмүүсийн ухамсарт худал хуурмагийг далдуур суулгаж байдаг. Тэд өрөөсгөл хандлага, хэт тулшрал, улс төрийн чиг шугам, мөн түүнчлэн бусдын гэнэн итгэмтгий зан, увайгүй явдал, асар их өөрчлөлт, төвөгтэй байдалтай тулгарсан тохиолдолд энгийн зүйлсийг эрэлхийлэх байдлыг ашигладаг.
1. Сэтгэл эмзэглүүлсэн өгүүлэмж, бичвэр
Хувийн үзэл бодол, худал эсвэл бүрэн бус мэдээллийг үнэний зах зухтай хольсон худал нотолгоо бүхий өгүүлэмж бичвэр. Дээрх төрлийн мэдээллийг дэлгэц дээрээс шууд харах боломжгүй, хаалттай мессеж аппликейшнээс олж мэдэхэд хэцүү байдаг.
2. Зохиомол цахим хуудас ба байгууллага
Үүнд худал эх сурвалж, бохир мэдээлэл, засгийн газар эсвэл компанийн хуурамч вэбсайтууд, мөн харахад итгэл үнэмшил төрүүлэхүйц мэдээний төрлийг нийтэлж буй вэбсайтууд багтана. Жишээ нь, КОВИД-19-ийн талаар батлагдаагүй худал тохиолдлуудыг мэдээлэх.
3. Залилан хувиргасан зохиомол, хам сэдэвтэй холбогдолгүй дүрс, дүрс бичлэг
Эдгээр нь ерөнхийдөө төөрөгдөл, итгэлгүй байдал эсвэл хүчтэй сэтгэл хөдлөлийг өдөөхийн тулд бүтээсэн нянтай мем (нян мэт амархан тардаг богино бичвэр, зураг) эсвэл худал, зохиомол түүхүүд байдаг.
4. Худал мэдээллийг шургуулсан, найруулан тавьсан аян
Эдгээр нь цахим дахь хүй олны дунд маргаан үүсгэх, үндсэрхэг үзэл, геополитикийн асуудлыг дэвэргэх, хувийн эрүүл мэндийн КОВИД-19-тэй холбоотой худал мэдээллийг ухаж ойлгох нь 8 мэдээллийг хууль бусаар цуглуулах, “phishing” хийх (“Загасчлах” буюу нууц үг, зээлийн картын дугаар зэрэг хувийн мэдээллээ илчлэхийг өдөөх зорилготой үйл ажиллагаа); спам болон худал эмчилгээний талаарх зар сурталчилгаанаас мөнгө олох зэрэг багтана. Эдгээр нь мөн худал мэдээлэл түгээх зохион байгуулалттай аяны нэг хэсэг болох бот, троллуудаар дайралт хийлгэх, зохиомлоор хандалт нэмэгдүүлэх аргууд байж болно.
Эх сурвалж: Глоб Интернэшнл төвийн орчуулан хүргэсэн “Ковид-19 цар тахлын талаарх худал мэдээллийг ухаж ойлгох нь” бодлогын баримт бичгээс…