ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
– Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 56 мянган хүнийг эхний ээлжинд дархлаажуулалтад хамруулна гэсэн. Үүнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд багтаж байгаа юу?
– Манай улсын эрүүл мэндийн салбарт нийт 56 мянган хүн ажилладаг. Бүгдийг нь вакцинд хамруулна. Гэхдээ эхний ээлжинд вакциныхаа нөөц, хангамжид тааруулаад коронавируст халдвартай өвчтөнд тусламж үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилтнууд болон эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг шууд өвчтөнтэй харьцдаг хүмүүсээ дархлаажуулах арга хэмжээг авч байгаа.
Бид гуравдугаар сарын 15-н гэхэд эдгээр хүмүүсээ дархлаажуулж дуусгахаар зорьж байна. Бусад товлолын дархлаажуулалтай харьцуулахад арай их хугацаа шаардаж байгаа. Учир нь нэг хүнд 30-40 минутыг зарцуулна. Мөн хүн хоорондын зай барина гээд хугацаа уртсах шалтгаанууд гарч байна.
Л.Баяр