Оросын мөрдөн шалгах хороо Якутын иргэн, өөрийгөө цэргийн бөө гэдэг Александр Габышевт эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Түүнийг ЭХ-ийн 318 дугаар зүйлд заасан “Төр засгийн төлөөлөгчдөд хүч хэрэглэсэн” асуудлаар хэрэг үүсгэсэн байна. Габышевын гэрт нэгжлэг явуулж, түүнийг сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэх үеэр болсон явдлаас болоод хэрэг үүсгэсэн гэж таамаглаж байна. Тэрбээр нэгжлэгийн үеэр төрийн төлөөлөгчөд хүч хэрэглэсэн аж.
Александр Габышев Якутаас Москва руу явган алхаж, Путиныг хөөх ёслол үйлдэнэ гэж хэд хэдэн удаа зарлаж байсан юм. Ингээд 2019 оны хавар аяллаа эхэлжээ. Габышевыг сэтгэцийн эмнэлэгт хүргэж, хэд хэдэн хэргээр саатуулж байсан юм.
Габышев 2019 оны арванхоёрдугаар сард аяллаа дахин эхэлтэл цагдаагийн ажилтнуудын шаардлагыг биелүүлээгүй гээд дахин саатуулж, торгосон байна. Габышев гурав дахь оролдлогоо гуравдугаар сард хийх гэж байснаа 2020 оны зун болгон хойшлуулсан аж. 2020 оны тавдугаар сард түүнийг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж, тэндээ хоёр сарыг өнгөрөөжээ.
Габышев 2021 оны гуравдугаар сард Москва руу мориор явна гэдгээ өнгөрсөн сард мэдэгдсэн байна. Гэвч энэ сарын 2-нд Якутын хотын шүүхээс сэтгэцийн эмнэлэгт албадан эмчлэх тухай эмнэлгийнх нь хүсэлтийг хангаж, саатуулахаар болжээ.