Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, тус банкны бусад орон дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөллөөс өнөөдөр Орон сууцны тогтолцоонд “Олон улсын тэргүүлэх туршлага” онлайн хурлыг Барилга, хот байгуулалтын яамтай хамтран зохион байгуулав.
Хурлаар Дэлхийн банкнаас хөгжиж буй улс орнуудын орон сууц, түүний санхүүжилтийн тогтолцоог шинэчилсэн тэргүүн туршлагыг танилцуулж, Монгол Улcын орон сууцны өнөөгийн нөхцөл байдалд олон улсын туршлага нэвтрүүлэх боломжийн талаар талууд санал солилцлоо.
Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газрын бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, тогтвортой ажлын байр бий болгох зорилтыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн орон сууцны ухаалаг санхүүжилтийн тогтолцоог бий болгох бэлтгэл ажлыг шуурхай эхлүүлэхэд хамтран ажиллах талаар харилцан тохирлоо.
Монгол Улсын нөхцөл байдалд тохируулан олон улсын ухаалаг санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлснээр ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх, зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, урьдчилгаа төлбөрийг уян хатан болгох, бага, дунд орлоготой иргэдэд хүртээмжтэй санхүүжилтийн тогтолцоог бий болгох, түрээсийн орон сууцны сангийн тогтолцоог шинэчлэх, эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгыг хөгжүүлэх хөшүүрэг болох юм.
Барилга, хот байгуулалтын яам