Хүн бүр л хүүхдийнхээ хүмүүжилд санаа чилээж, хэрхэн яаж хүмүүжүүлэх арга ухааныг үргэлж л эрэлхийлж байдаг. Тэгвэл хүүхдийнхээ хүмүүжилд сэтгэл чилээдэг эцэг эхчүүддээ Боловсрол судлаач, багш Г. Төмөрзаяа, Багш, судлаач Г.Энхчимэг нар зөвлөгөө өгч, 4-8 настай хүүхэдтэйгээр гэр бүлээрээ тоглох таван тоглоомыг нэрлэсэн байна.
1. Гэрийн тавилгаа биеэрээ илэрхийлэх.
Гэр бүлийн гишүүд ээлж ээлжээр гэрийн ямар нэг хэрэгслийг дуу авиа гаргахгүй биеийн хөдөлгөөнөөр илэрхийлж таалгах. Нэг хүн нэг л хариулт хэлэх боломжтой. Ор бол унтаж, хэвтэж дүрслэх. Хувцасны шүүгээг хувцас өлгөж, хаалгын нь хааж онгойлгож гэх мэтээр. (Хүүхэд гэрийн тавилгуудын байрлал болоод үүрэг зориулалтыг сайн мэддэг болохоос гадна аливаад анзааргатай болдог)
2. Майхан хийх
Гэрт байгаа хөшигний тюль, орны даавуу, шалны мод гэх мэт аль болох гарын доорх зүйлээр майхан хийж түүндээ хамтдаа өдрийн хоол идэх болон ном уншлагаа хийгээрэй. (Шинийг хийх эв дүй, арга ухаанд суралцахаас гадна өөрийн барьсан гэртээ’ дуртай зүйлээ хийснээр хүүхэд олон сэтгэл хөдлөлийг мэдэрдэг)
3. Өгүүлбэр үргэлжлүүлэх дуусашгүй тойрог
Хоолны ширээний хойно эсвэл үдэш унтахын өмнө тойрч суугаад. Өгүүлбэр үргэлжлүүлнэ. Тухайлбал,
Аав: Гадаа 2 нохой тоглож байна.
Ээж: Гэнэт нэгэн муур гараад ирлээ.
Хүү: Шар нохой нь муур руу дайрч байна.
Охин: Муур огло үсрэн байшин руу гарлаа.
Гэх мэтээр аль болох хүн бүр өгүүлбэр нэмж зохиосоор утгыг алдуулахгүй зохиолыг дуусгахгүй үргэлжлүүлнэ. Дараагийн өгүүлбэрийг хэлэх гэж 5 сек-ээс удсан болон утга авцалдаагүй өгүүлбэр залгасан хүн хасагдана. (Хүүхдийн авхаалж самбаа, сэтгэх хурд, үг ярианы баялагийг нэмэгдүүлнэ)
4. Нуугдаж тоглох
Гэр бүлийн гишүүд ээлж ээлжээрээ нуугдана. Нуугдсан нэгнээ хайхдаа зүгээр нэг хайхгүй түүний тодорхой нэг онцлогийг нэрлэнэ. Эсвэл ойрд хийсэн үйлдлийг нь урамшуулан дуудаж хайна. Жнь: “Өнөөдөр ажлаасаа эрт ирсэн аав хаана байна”, “Хоолоо дуустал нь идсэн … хаана байна”, “Өдөр бүр баярлалаа гэж хэлдэг … хаана байна” гэх мэт. (Хүүхэд урам авахаас гадна, бусдыг урамшуулж чаддаг болно. Мөн нуугдсан хэн нэгнийг олсны дараа маш их баяр хөөртэй болдог)
5. Амьтан нэрлэх
Гэр бүлээрээ тойрч нэг нэгнийхээ алган дээр алгаа тавьж суугаад амьтан нэрлэнэ. Жнь: ТУУЛАЙ гээд алга руу нь цохино, дараагийн хүн 3 сек дотор арслан гэх мэтээр дараагийн хүн нь өмнө нэрлээгүй өөр амьтныг нэрлэх ёстой. 3 сек-д амжаагүй удаан бодсон нь авьяасаа үзүүлнэ. (Хүүхдийн авхаалж самбааг нэмэгдүүлэхээс гадна олон амьтан мэддэг болно, гар гараа атгалцаж тоглосноор гэр бүлийн халуун хайр бүх хүнд дамжин хүрдэг)
Заавал хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Үнэхээр үр дүнтэй тоглоомууд шүү.
Г. Төмөрзаяа (Боловсрол судлаач, багш)
Г. Энхчимэг (Багш, судлаач)