Энэ оны аравдугаар сард Simon & Schuster ба St. Martin`s Press хэвлэлийн газраас Хиллари Клинтон, Канадын зохиолч Луиза Пенни нарын хамтран бүтээсэн триллер номыг нийтийн хүртээл болгоно. Энэ номын талаар Клинтон өөрөө ярьсан байна.
“Луизатай хамт триллер бичнэ гэдэг мөрөөдөл биеллээ гэсэн үг. Би түүний ном болгонд, баатрууд болгонд нь дуртай, түүнтэй нөхөрлөдгөө маш ихээр үнэлдэг. Харин одоо бид дипломат салбарын амаргүй ертөнц, урвалт шарвалтыг судлахын тулд туршлагаа нэгтгэлээ. Энэ бүгд анх бодож байсан шиг биш” хэмээн Клинтон мэдэгджээ.
“State of Terror” номын гол баатар нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар дөнгөж ажиллаж эхэлж байгаа хүн юм байна. Энэ хүн АНУ-ыг доргиосон цуврал алан хядах ажиллагааг илчлэхийг оролдоно.
Хэвлэлийнхэн энэ номыг “эртний андууд, триллерт дурлагсдын өвөрмөц хамтын ажиллагаа” гэж нэрлэжээ.
Луиза Пенни нь детектив романуудаараа алдартай. Тухайлбал түүний “Ахлах шинжээч Гамаш” хэмээн Квебекийн цагдаагийн газрын тухай өгүүлдэг цуврал ном нэрд гарсан. Мөн үндэсний болон олон улсын шагнал олон удаа хүртэж байснаас нь дурдвал Агата Критигийн шагнал, Энтонийн шагналуудыг нэрлэж болно. Ном зохиол нь хэдэн арван хэлээр орчуулагдаж байсан юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд улстөрийн амьдралын тухай хэд хэдэн дурсамж ном хэвлүүлсэн. Хамгийн сүүлд 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трампад хэрхэн ялагдаж байсан тухай өгүүлдэг “Юу болов” гэх ном гаргажээ.