“Ковид-19” коронавирусийн халдварын эсрэг дархлааг бий болгох вакцин Монгол Улсад эхнээсээ орж ирж, Ерөнхий сайд вакцин хийлгэснээр дархлаажуулалт эхлээд байна. Нийгмийн дунд вакцинтай холбоотой эргэлзээ, зөрүүтэй ойлголт нэлээн бий. Ямартай ч Монголчууд вакцинтай холбоотой нэгдсэн ойлголтод хүрч чадаагүйгээр вакцинжуулалтын ажлыг эхлээд байгаа юм.
Манай улсад эхний ээлжид Энэтхэг вакцин орж ирж, араас нь Хятад вакцин тусламжаар буулаа. Иргэд Герман болон Орос вакцин хийлгэх сонирхолтой байгаагаа цахим хуудсандаа бичиж байгаа ч хүмүүсийн хандлага хятад вакцинд тааруу байгаа. Энэ нь дан ганц монголчуудын байр суурь биш. Европын орнууд хятад вакциныг найдваргүй гэж үзсэн бол Бразилчууд бүр мөсөн татгалзаж байгаагаа дэлхийд анх зарласан.
Харин өнөөдөр тарж буй БНХАУ-ын вакциныг “Батлан хамгаалах салбарт” хэрэглэнэ гэсэн мэдээлэл олон нийтийн дургүйцлийг хөдөлгөх шинжтэй болж байна. Эх орны тусгаар тогтнолын баталгаа болсон Батлан хамгаалахын салбарын идэр чийрэг, улс орны ирээдүй болсон залууст Хятад вакцин тарьж яах гэж байгаа юм бол гэсэн асуулт ч тавигдаад эхэлжээ.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цэрэг эрсэд илгээсэн хятад вакциныг хүлээж авахдаа “Бид тус вакцинаар эхний ээлжид цар тахлын голомтод ажиллаж байгаа цэргийн эмч, мэргэжилтнүүдээ хамруулна. Цаашдаа нийт Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг шат дараатайгаар вакцинжуулна” гэж мэдэгдлээ.
Олон нийтийн эсэргүүцэж байгаа вакциныг сайдтан тушаалаар ажилладаг цэрэг эрсэд хүч хэрэглэж байгаад тариулж болно. Түүнээс урган гарах хор хохирлыг харин генерал Г.Сайханбаяр хариуцаж чадахгүй. Монголчууд Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа залуустаа олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, амь нас, эрүүл мэндэд нь баталгаатай, найдвартай вакциныг хийлгэхийг хүсч байна. Тиймээс Батлан хамгаалахын сайдын хүчирхийлэл, тушаалыг эсэргүүцсэн цэргүүдийн ар гэрийнхэн хүчтэй эсэргүүцэл үзүүлж, сайдыг огцруулах хэмжээний асуудал ч хөндөгдөж болох юм.
Б.Ирээдүй