Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица тэргүүтэй холбогдох албаныхан Ковид19 цар тахлын эсрэг вакцинжуулалттай холбоотой асуудлаар өчигдөр /2020.02.22/ мэдээлэл хийлээ.
Суурин төлөөлөгч Сергей Диордица: КОВАКС хөтөлбөр болон гаднын тусламж гэсэн үндсэн хоёр чиглэлээр вакцин оруулж ирж байна. Ингэхдээ ДЭМБ-ын зөвлөж буй зөвлөмжөөр чанарын шаардлага хангасан, хүртээмжтэй вакциныг татан авахад анхаарах нь зүйтэй. Маргааш бол маш чухал өдөр. Сүүлийн зургаан сард Засгийн газар, ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран бэлтгэл ажлыг сайн хангасны үр дүнд бүх нийтийн дархлаажуулалтыг эхлүүлж байна. Өнөөдөр Монгол Улсад ирсэн AstraZeneca нь ДЭМБ-аас зөвшөөрсөн, чанарын шаардлага хангасан өндөр үр дүнтэй вакцин юм гэлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Дэлхий нийтэд вакцины үйлдвэрлэлт хязгаарлагдмал болсон. Үүнтэй холбоотойгоор бид эхнээсээ гэрээ хэлэлцээ хийсэн вакциныг татан авч, хадгалж нөөцлөхөөр төлөвлөн зохион байгуулж байна. Маргаашаас эхлэн төрийн болон хувийн хэвшлийн бүх эрүүл мэндийн ажилчдыг дархлаажуулж эхэлнэ. Манай улс дөрвөн төрлийн вакцин эхний ээлжинд оруулж ирнэ. Засгийн газраас нийт 226 тэрбум төгрөгийн төсвийг баталж, вакцинжуулах бэлтгэл ажил болон агуулах, хадгалах нөхцөлийг шийдвэрлэсэн. Вакцинжуулалтын үйл ажиллагаа тасралтгүй явагдана. Улс хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах төсвийг баталсан. Гэхдээ хувийн хэвшил вакцин оруулж ирэхэд татгалзах зүйлгүй. ОХУ-аас авах вакциныг ирэх долоо хоногт оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр, тээвэрлэлтийн хуваарь хийгдэж байна гэлээ.
Л.Баяр