Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн эсрэг вакцинтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Манай улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирнэ. Засгийн газраас хүн амаа вакцинжуулах төсөвт 226 тэрбум төгрөгийг баталж, вакцинжуулалт болон вакцины агуулах, хадгалах, тээвэрлэх гээд бүх асуудлыг шийдвэрлэсэн.
Дэлхий нийтэд вакцины үйлдвэрлэлт хязгаарлагдмал болсон. Үүнтэй холбоотойгоор бид эхнээсээ гэрээ хэлэлцээ хийсэн вакциныг татан авч, хадгалж нөөцлөхөөр төлөвлөн зохион байгуулж байна.
Ингээд маргаашаас эхлэн хувийн болон төрийн гэлтгүй эрүүл мэндийн салбарын бүх ажилтныг вакцинжуулж эхэлнэ. Бид ДЭМБ-ын гаргасан зөвлөмж, зааврын дагуу дархлаажуулалтыг эхлүүлэх бөгөөд зөвхөн сайн дурын үндсэн дээр вакцинжуулалт хийгддэг гэдгийг хэлье.
Манай улсад орж ирсэн AstraZeneca компанийн коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн 42 улс орон хэрэглэж буй.
Дэлхий дахинд коронавирусийн эсрэг 230 нэр төрлийн вакцин туршилтад явж байна. Үүнээс 63 нь эмнэл зүйн туршилтад орсон бөгөөд ДЭМБ-ын зөвшөөрлийг авах шатандаа орж байгаа” гэв.