“Монгол хэл”-ний дүрэмтэй холбогдох журамласан үгс маргаан дагуулсан “мөнхийн сэдэв” бололтой. Учир нь монгол хэл мөхөж байна, мөхөөгүй гэсэн хоёр талын байр суурьтай холбогдож эхлэсэн билээ. 2018 онд “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-өөс гаргасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” нь үгийн утга, гарвалийг баримтлахдаа үсгийн дүрмийг хэлний зүй тогтлоор нь багцалж тогтолцоонд оруулсан тул дэмжихээс аргагүй ололт болсон юм.

Чингэж эргэлзээтэй үгсийн бичлэгийг жигдлэх нь цаг хугацааны зайлшгүй шаардлага байсан хэдий ч арга зүйн хувьд гаргасан зарим алдаагаа засч залруулан, эх хэлээ улам бүр хөгжүүлэх, боловсронгуй болгох хөтөлбөрийг мөрдөж хэвшүүлэх нь зүйтэй санаачилга мөн. Олон нийтээр эргэлзэж, эсэргүүцэн гайхширч буй зарим үг (амьдрал-амьдарлага, бүжин-бөжин, гарьд-гарди г.м)-ийг зохиол, бүтээлээс жишээ татан баримтжуулбал:

  • “Амьдарлага” хэмээх үгийг монголын уран зохиолд эртнээс хэрэглэж ирсэн нь Ишданзанваанжил (1854–1907)-ийн “Сайн номлол галын шастир хоёр ёсны төгс гэрэлт зуун наран хэмээх оршивой”, Д.Нацагдоржийн “УБ-аас Берлин хүртэл” (1927) тэмдэглэл шүлэг (Шувуун саарал, 2005:47), С.Буяннэмэхийн “Цаг үе ба амьдарлага” (1934), С.Эрдэнийн “Салхитын голынхон” тууж (Ононгийн туужууд, 1997:32-р боть) зэрэг зохиол бүтээлд тэмдэглэгдэн үлдэж “өдөр тутмын амьдрал”, “мөчлөг” гэсэн ерөнхий утгыг илэрхийлж байжээ. Эдгээрээс хамгийн ойрхны жишээ нь С.Буяннэмэхийн 1968 оны “Түүвэр зохиол” болон “Дуу, шүлэг” түүврийн аль алинд нь тэр хэвээр нь буюу “Цаг үе ба амьдарлага” нэрээрээ хэвлэгдсэн шүлэг юм. Учир нь түүний бүтээл 1962 он хүртэл хориотой байсан ч эл бүтээл “Хаврын баясгал”, “Зуны цэнгэл”, “Намрын навч”, “Өвлийн өвгөн” гэсэн хэсгүүдээр дөрвөн улирлын шинж төлөвийг хүмүүний амьдрал (га), сэтгэл санааны байдалтай нь холбон, гоо зүйн түвшинд дүрслэн бичсэнээрээ тод томруун жишээнд орно.

Мөн А.С.Пушкины “Түүвэр зохиол” (Редактор Б.Ринчен, 1949)-ын орчуулгад “амьдарлага” гэж үг Л.Толстойн “Өгүүллэгүүд” (1954)-эд “эрмэлзэлгэ” гэж үг бийн адил дурайж байна. Энэ мэт Д.Гонгорын “Халх товчоон” I, II (1970, 1978), А.Амарын “Монголын товч түүх” (Эрхлэн хэвлүүлсэн Ш.Чоймаа, 2014) зэрэг түүх судлалын бүтээлүүдэд ч “амьдарлага” гэж үг буй. Тиймээс энэ үг академич Л.Болдийн “ОЦМХ-ний тонгоруу толь” (1976:15), Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь” (1983:22) болон “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” (ШУА, ХЗХ 2008), “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” (ХБҮЗ, 2018) зэрэг тулгуур, гол толь бичгүүдэд тэмдэглэн иржээ.

  • Оросын яруу найрагч К.Высоковскийн зохиолыг Х.Лувсанбалдан орчуулан “Бөжин” (1966) нэртэйгээр хэвлүүлж байв. Мөн Өвөрмонголын яруу найрагч Зүүнгар Буянбатын “Есөн эрдэнийн аялгуу” (Кирилл бичигт буулгаж хэвлэлд бэлтгэсэн До.Болдхуяг) түүвэрт буй “Тамсагбулагийн их говь минь” шүлэгт:

“Бөжин хэвтрээсээ дэлхийг хардаг
Тамсагбулагийн их говь минь” (2011:18) гэж бий нь “Бөжин туулай” ардын дууны нэрийтгэл болоод академич Ц.Дамдинсүрэн нарын толь (1983:46)-той дүйж буй ойрын бас нэгэн жишээ болно.


3. Нэрт төвдөч эрдэмтэн Л.Хүрэлбаатарын “Огторгуйн цагаан гарди” I, II (1996, 2008) цуврал бүтээлийн барааг хараагүй хүн “гарьд” гэж буруу бичсээр суухад эргэлзэх юм алга. Энэ мэт жишээ цөөнгүй хөврөх тул толь бичиг ашиглаж сурах (байцаа /үйл үг/ 1983:33), тогтолцоог нь ойлгож зөв бичих дадалд суралцах (байцай /ногоо/ 1983:34) шаардлага зөрүүд зарим “бичээч”-дэд зайлшгүй тулгарах асуудал юм.

Дээр нь нэмж хэлэхэд монгол бичигт “а-э” (ner- nar), “о-у” (Qosiɣu- хушуу), “ө-ү” (түвэгтэй- төвөгтэй) эгшигүүд болон “б-в” (abdar- авдар), “д-т” (дашрамд- ташрамд), “ж, з” (jayaɣ-a -заяа) “х-г” (хашгирах- хашхирах, хошгирох- хошхирох), ц-ч (чээж, цээж), “ш, с” (sin-e- шинэ г.м) гийгүүлэгч үсгийг нарийн ялгадаггүй тул дээрх мэт зөрүүтэй (сүүлийнх нь зөв бичлэг Д.Ц) тэмдэглэхэд нөлөөлсөн нь “э”, “и” эгшигийг ч буруу танихад хүргэснийг “хир зэрэг”, “хичнээн”, “ишлэл, “иш онол” зэргээр эндүү бичихэд бас нөлөө үзүүлсэн талтай нь илт байдаг. Өөрөөр хэлэхэд “а, э” ацаг үсэг болон “о, у ө, ү” гэдэст эгшигүүд “и” шилбэ үсгээр орлогдох (siraqu- шарах, egüle- үүл, olan- олон, sibaɣu- шувуу, edür- өдөр г.м) буюу сонгодог монгол бичгийн уламжлалаар “төбэд- төвөд, түвэд”, “дэгдэхэгэй- дэгдээхэй”, “эрбэхэй- эрвээхэй”, “оланта-олонтаа”, “дурадутхал- дурдатгал” гэж бичиж ирсэнийг “төвд”, “эрвээхий”, “дэгдээхий”, “олонтоо”, “дуртгал” зэргээр жигдлэхэд хүргэж, уйгаржинаар “тэнгэрлиг” гэж бичдэгийг ОЦМХ-нд “тэнгэрлэг” гэж хэвшүүлэн тогтсонтой адил “баяа-лиг” гэж бичдэгээс үүтгэн “цомор-лиг” зэргээр буруу бичихэд нөлөө үзүүлснийг ч үгүйсгэх аргагүй. Мөн “ой уй”, -“ай эй” хос эгшигийг ялгадаггүйгээс үүтгэн: “амуй”, “амой”, “хэнтэй” (ken-tei) –Хэнтий (Kentei ayimaɣ) гэх мэтийн төөрөгдөл, зөрүүг ч үүсгэж ирсэн билээ.


Ийнхүү сонгодог бичгийн хэлнээс ОЦМХ-нд өөрчлөн хувирсан жишээнд: Хархорум- хархорин, болбасу- болвоос, хүмүн- хүн, эдүгээ- одоо, гараг- гариг, толт- тольт, цэнэ- цэн, амидурал- амьдрал бодот- бодит, махбод- махбодь тэргүүт олон баримт дуртгаж болно. Энэ мэт монгол бичгийн үгийн үндэс, бичлэгийн уламжлалт онцлогоос улбаалан: tere ber -тэрбээр, тэрвээр, тэрээр, тэндэхийн –тэндхийн, бэлэг- бэлгэ, билиг- билэг г.м зөрүүтэй ойлголт, хувилбарууд ч бий болсон санагддаг. Харьяалахын тийн ялгалын онцлогоос улбаалж: Их жанжинаа хүртэл Дамдингийн Сүхбаатар, Дамдины Сүхбаатар гэж хоёр янзаар бичсээр, ярьсаар ирсэн тул “чи мэд” гэсэн утгат үгээс гаралтай хүний нэр “Чимид”, “Чимэд” гэж тогтсон тааллаараа бичигдэж ирсэнд гайхах юм үгүй болжээ.

Мөн иргэдийн эх хэлний боловсрол дутуугаас “чармаа нүцгэн”, “чармай (ургамал)”, “цагариг- цагираг”, “хэрвээ, хэрэв” тэргүүтнийг хольж хутгаж хэрэглэх болсон нь төөрөгдөлд оруулахад төө хуруу нэмсэн бололтой байдаг. Нутгийн аялгууны үгс ч утга зохиолын хэлэнд нэвтэрч самууруулсныг; “хөвүүн- хөвгүүн”, “чээж- цээж” (сүүлийнх нь зөв бичлэг Д.Ц) зэргээс ажиглаж болно. Манай нэртэй зарим түүхчид ч (Дорнод- Дорнот, хойд- хойт, умард (зүг)- умарт (мартаж санахын), хир- хэр (хирээс хэтэрч) зэргийг хольж хутгадаг, “хөхүүлэн дэмжих”, “үнэ цэнэ” г.м алдаатай бичдэг, нэг үгийг зөрүүтэй тэмдэглэдэг тул эх хэлний боловсрол иргэн бүрийн үүргийн хэмжээнд дэвшигдэж байна.

Үндэсний үсэглэлийн аваргын нэвтрүүлэг, түүнээс үүдсэн зарим эвлүүлэг болоод үхэр мэт зөрүүд хүмүүсийн балагаар монгол хэл “мөхөх” шахсан нь энэ. Мөнгөөр “мөхөөгөөд” байгаа мэт шуугихад хүрсэн нь ч тэр.


Хуучны ганц нэг мэдэхгүй үг, түүнийг “хүлээн зөвшөөрөхгүй”-гээсээ болж хоцрогдсон, харанхуй бүдүүлгээ хамаг олонд дэлгэсэн олны танил “од” зохиолч бидний дундаас тодорсон ч, хүн ардыг талцуулан “хоосон давалгаан” үүсгэж, бусдыг буруутган “шүүмжлэгч”-дэд даарин дээр нь давс нэмсний хор нөлөөнд хэн ч хариуцлага хүлээгээгүй. Өөрөөр хэлэхэд “амьдрал”, “амьдарлага” хоёр нь бие даасан өөр утгатай үгс гэдгийг ухаж ойлгоогүй буюу мэдлэг боловсрол нимгэн хүн л муу үгийг хөөргөж суудаг, “модон улаа нэхэж” хөөдөгийн ойрын жишээ энэ болов.

Даяаршлын энэ эрин үед хэл соёлоо хадгалж хамгаалах, хуучны үгийг сэргээн хөгжүүлэх ёстой (зөөр, зайр, намирга г.м) атал “мэдэхгүйн балгаар монгол хэлээ мөхчихсөн мэт монгинож суух” нь сая гаруй үгийн сан (Б.Ринчен)-гаас бид арав гаруйхан мянгыг нь утга зохиолын хэл (өдөр тутмын сонин хэвлэл)-эндээ эргэлдүүлж, харилцан яриандаа 500–600 хан үг хэрэглэж буйн балаг юм. Дээрх тоон үзүүлэлтүүд судлаачдын бүртгэж гаргасан статистик баримт билээ.

Манай зохиолчид ч яруу сэтгэмжээсээ улбаалан “уянгын хэл”-ээр багагүй бичдэг тул 12 жилийн өмнө бичсэн шүүмж (“Эрин цагийн шүүмж” ном, 2009.223–227-р тал)-ээ ахин нэг сонирхуулъя. Учир нь хүн бүр өөрийн дураараа бичиж ойлголт- сэтгэлгээ, бичлэгийн зөрүү үүсгэсээр ирснийг энэхүү шүүмж (“Хоёр сая таван зуун мянган монгол хэл” мину) зарим баримтаар тодотгох юм.

Нэг. Хүн бүр “хэлний мэргэжилтэн” болсон нь

Саявтар хэвлүүлсэн Төрийн шагналт яруу найрагч Д.Цоодолын эсээ дурсамжийн “Хонины боол” (2008) бүтээлд хүрэмийг “госчоом” гэж эрлийзжүүлжээ. Яг л өнөө СГЗ Дан Нямаа “Араажав” хэмээх тууж бичсэн шиг (гэснээс эл зохиолыг радион тухай бус жолоочийн тухай юмуу гэж зарим уншигчид эргэлзсэн байдаг). Тэр гайгүй П.Баярсайханы “Нохойн хэвтэр” (1995) туужид “Гудманд улам дулаарчжээ”, “Ийм том эр юунаасаа эмээхийм” гэх зэргээр авианы шинжээр бичсэн нь бас бий. Уран зохиолд тухайн дүрийн зан төлөв, зохиолд эзлэх байр суурийг тодорхойлох үүднээс этгээд бүдүүлэг үг хэллэг, хар ярианы үгсийг хэрэглэдэг ч баатрын бус өгүүлэгчийн хэлэнд энэ мэт үгс илрээд буй нь бусдаас өвөрмөц содон бичих гэсэн, уншигчдын анхаарлыг татах гэсэн оролдлого төдийгөөс хэтрэхгүй байна. Мөн Азийн тэргүүн найрагч Д.Урианхай “хүн төрлөгтөн” гэж адарч байхад СГЗ Ч.Дагвадорж багштан:

“Дүүжүү холын тэр минь

Сэтгэлд хоногшоод удсымсан” (Халхын хөөрхөн тэр минь, 2005) гэх мэтээр өөр өөрсдийнхөөрөө, учир нь олдохгүй “мэссэжний хэл”-ээр бичсээр л байна. Яруу найрагч Ж.Баяржаргал, П.Нямлхагва нарын шүлэгт толь бичигт байхгүй уянгын үгс цөөнгүй ч аугаа их А.С.Пушкин шиг эх хэлээ баяжуулах бус утгын ураас үгийн эрэлийг илүүтэй чухалчилснаараа төдийлөн оновчтой болохгүй тал ч ажиглагддаг.

Энэ бол зөвхөн уран зохиол дахь жишээ. Гэтэл энэ талаар манай хэл шинжээчид (үнэндээ бол шинжлэлч юмсан) бүлх залгисан мэт бүлтэлзсээр л суух юм. Бүр нэртэй хэл шинжлэлч, академич Д.Төмөртогоо “Монгол хэлшинжилэлийн онол, түүхийн асуудалууд” (2002) хэмээх ном хэвлүүлсэн байдаг аа. Зөвхөн оршил хэсгээс нь л гэхэд “дотороос”, “цуваралууд”, “залруулага”, “ойлгомжитой”, “найруулагын”, “бичигийн”, “хөгжилийн”, “уламжилал” гэх мэтээр хэл зүйн дүрмийг зөрчсөн бөөн бөөн “алдаатай” үгийг олж үзэж болно. Энэ нь үсгийн дүрмийн зориудын алдаат шүлэг (misspelled poem) гэж байж болох (хойно дэлгэрүүлэн авч үзнэ Д.Ц)-оос бичвэр, ном (судалгааны) байж боломгүйтэй холбоотой санамж мөн. Тавдугаар богдын айлдсан номын дотор “шашныг эвдэгчин шашныг барих, төрийг самууруулагчид төрийг барих цөвүүн цаг ирвээс” хэмээн сэрэмжлүүлсэн нь буй. Ингээд бодоход эх хэлээ эвдэгчид нь зохиолчид, хэл шинжлэлтэн, академичид өөрөө байдаг юмсанжээ. Ц.Дамдинсүрэн абугайн үсгийн дүрэм зарим эрдэмтэнд үйлчлэхгүй байхад ард иргэдээ буруутгахын аргагүй ч үг үсэг, хэл найруулгын мадаг төдийгүй зөв бичгийн дүрэм мэдэхгүй алдартнууд, social influencer-үүд, сэтгүүлч, нийтлэлчдийн тэмдэглэл (пост), нийтлэл тоогоо алдаж эхлэв.

Энэ бүхэн Зава лам Лувсандамдины:

“Өт хорхойны идэшний тулд гүйсэн мөр

Үсэг болж заримд харагдавч, үнэн номын бичиг биш

Өтөл эглийн хорвоогийн тулд тэнэсэн мөр

Үзэг барьж энд эрээчивч, өндөр дээдсийн намтар бус” хэмээн шүлэглэн сургасаныг бас сануулдаг. Өөрөөр хэлэхэд “үнэн номын бичиг бус”-чуудыг өт хорхойн идэшний зорилготой нь адилтган үлгэрлэж буюу үзэг барьж эрээчивч, үсэг болж заримд харагдавч үнэн монгол хэл бус байдгийг нэгэн зууны өмнө сануулан сэнхрүүлж асан нь энэ болой. Ингэж нэр томьёоны хувьд эргэлзээтэй, зөрүүтэй бичих “ардчилал”-ыг том багагүй бид эдэлсээр, өөр өөрийнхөөрөө бичсээр амуй.

Үүнийг нэгэн эрхэмээр жишээлэхэд: АУЗ Т.Галсан “сурах бичиг -урах бичиг”, “оффшор (данс) -овт шаар”, “Пентагон -Тавалжин орд” гэх мэтээр оноон нэрийдсэнийг нэр томьёо үүсгэх тогтолцоонд суурилаагүй хувийн санал төдий оролдлого гэж үзнэ. Тэр ч атугай зохиолч бүр утга зохиолын нэр томьёо (мэргэжлийн)-нд эрэл хийх болсон нь “дотоод ойллого”, “цахим өгүүллэг”, “бадагс” төдийгүй “Риквием дууль”, “Бишүби экспромт”, “Бишүби монологи” (Д.Урианхай) зэргээр хөвөрнө. Түүний “Ёст хаан Ариг бөх” (Д.Урианхай, 2020) зохиол нь “кино роман” (the cinematic novel) гэсэн төрөл зүйлийн тодотголтой ч кино зохиол ч биш, роман ч биш, жүжгийн зохиол байх жишээтэй. Саяхны баримт л гэхэд “Сульфат модернизм” байна. Инээдэм тохуу хийж байвч энэ бол бодит байдал маань билээ. Энэ нь том бага, туршлагатай туршлагагүй зохиолч бүгдийн шинэ арга хэлбэр (модернизм) бус, хэлбэрийг чамирхан хөөцөлдөх чиглэл (модернизаци) болжээ гэж хэлж болохоор.

Өгүүллэгийг “үгүүллэг” гэж “шинэчилж”, эссег “эсээ”, “эссэ”, “исээ” гэх мэтээр өөр өөрийнхөө савны түвшинд ойлгон сэтгэж, нэр хайрласаар амуй. Зүй нь “үг” (word) зохиолоос улбаатай бус аль эртнээс “өгүүлэх” гэсэн утгатайгаар туульсийн зохиолын бага нэгж болон төлөвшсөн тул “өгүүллэг” (short story, рассказ) гэж бичих нь зөв болохыг анхаарууштай юм. Үүнийг ШУА, ХЗХ (Монгол хэлний их тайлбар толь 2008), Д.Галбаатар (Нэвтэрхий толь 2012:275), ХБҮЗ (Журамласан толь, 2018:230) зэргээс олоод үзчихэж болно. Харин эрдэм шинжилгээний бус “үгүүллэг”-ийг тийн нэрлэж болмоор санагддагийг Ю.Цэдэнбал “Илтгэл, үгүүлэл, хэлсэн үг” (1966) г.м бататгадаг. Үүнээс АУЗ Л.Түдэв оюун санаанд исэж боловсруулсан исэг айраг мэтээр монголчилж “исээ” хэмээж буй нь буруутгахын аргагүй нэг хувилбар мөн.

Бид гадаад нэр томьёо, үг хэллэгээс татгалзах ёстой л гэнэ, монгол хэл маань яндашгүй тансаг л гэнэ, үүнийг энд бичихгүй. Монгол хэлэнд шинэчлэл хийж буй “суутнууд”-ад мань мэт юугаа захин сургаж, зөвлөх юм. Харин үг бүр монгол хэл соёлын эсрэг босох “амьтай” болохыг муухан уншигчдын хэмжээнд төлөвшсөн манай “сайн дурынхан” цаашид анхаараасай билээ. Бас ямар ч аугаа сэтгэгч бай, алдартай эрдэмтэн байсан ч эх хэлнийхээ зөв бичих дүрмийг баримталж бичих үүрэгтэй гэдгийг сануулан зөвлөе. Учир нь авианы хэмнэлийг дагасан ч хэл зүйн дүрмийг зөрчиж үгийн утгыг бүрхэгдүүлэн “болохыму”, “яасийм”, “харсаншдээ”, “арашаан”, “яараад яахав дээ” (зүй нь ЗЦГ-аас орон даяар өрнүүлсэн энэхүү уриалгыг “яах вэ дээ” гэж бичих ёстой) гэх мэтээр уурлах шиг, загнах ч шиг, учирлаад ч байх мэт бичих болсоныг дурдамгүй өнгөрөх аргагүй. Түүнчлэн “ирмой”, “явмой” гэж бичдэг СГЗ сэтгүүлч, зохиолч ч бидэн дунд бий.

Энэ мэт жишээд салбар бүрт, бас “бичээч” бүхэнд ажиглагдах тул утга зохиолын хүрээн дэх нэгэн эрхэм, түүний нэгэн шүлгээр жишээлэн авч үзье.


Хоёр. “Чонон” хэл “Чононгоо” шүлэгт илрэх нь

“…Энгэр цээжээр чинэлнэг, эрвэгэнүүлэнхэн ихэл хөхөлөө

Ижий гэгээн хатадын Чинэ, Сүү уурагийнханаЛ тэрбизээ,

чонОнхонгоо Чинийхээ бэлхүйсийг, илбэн ихээр энхрийллээ

мэлтэгнэж намууханаа гол-усан ИЙН, ЧонОн-хөх гинэшдэг бизээ,

МИНИЙ жаалхан ЧонОнгоо…” гэсэн шүлэг нийтийн дуу болон түгсэн байх… Үүнийг хэн зохиов? Яагаад энд дураараа бичигчдийн гол төлөөлөгч болон эшлэгдэв? Одоогоос гуч гаруй жилийн тэртээ Дундговь нутагт уран зохиолын ганц хэдхээн шавь бэлтгэж “Та нар энэ номыг умш, умшихгүй бол…” гэж ирээд загнаад л, занчаад байхаар нь өнөө хэдэн хөвгүүд “энэ яасан чоно шиг харгис нөхөр вэ?” хэмээснээр утга зохиолын төдийгүй хэсэг дуучид, хөгжмийн зохиолч, Их дээд сургуулийн багш гээд уран бүтээлч цөөн шавь нарын нь хүндэтгэн авгайлдаг “Чоно багш” ажээ. Бас иймэрхүү алдаатай ч шиг атлаа сэтгэн харсан, өөр талаас нь өнцөгдсөн ном (ЧонО багшийн “ХҮҮДЭЭН ХЭЛЭХ” цувралын зургадугаар “ЦЭНХЭРЛЭН ХАРАГДАХ” хэмээх элжигэний бор туул 2007 г.м) хэвлүүлж асан энэ хүн;


хайрын тухай, бас өөрийн нэрийн (үнэндээ бол өргөмжлөл, хоч нэр гэхэд болно) хувилбар сэтгэж “ЧонОнгоо” гэж шүлэг бичсэн нь энэ буюу. Жаахан тодотгоё.

“…Аньсанханайл нүдэний чинэ,

халуун хөх талимаанД

Хайрын совин Цэнхэртүүлжил,

амраг жаалхан чамайгаанла, энхрийлж илбэнхэн суух Минэ

ЧонОнгоо чононгоо…

Сайханаас сайхан чинийхээЛ Аалинына гэгээнд

Уусанханайл

Санажил үгүйЛэхийн халууханаас

Томоогүйл МУУхай дассаныхаа” гэж эхлэдэг.

Түүний хувьд нэгдүгээрт ийн бичих нь хээнцэрлэл бус үгийн утгыг голчилж сул гийгүүлэгч авиагаар санааг тодотгохыг эрмэлздэг нь “Сайханаас сайхан” гэх зэргээр эгшиг үл гээж “…чинийхээЛ Аалинына гэгээнд Уусанханайл Санажил үгүйЛэхийн халууханаас Томоогүйл МУУхай дассаныхаа” учрыг ийн мэдрэмжээрээ буулгасных юм. Хоёрдугаарт чоно хэмээх нэр үг ЧонОнгоо гэсэн эм хүйс заасан шинэ хэлбэршилд орохдоо “чонОнхонгоо” гэсэн хүсэмжилсэн, энхрий ялдам бүсгүйн зан үйлд өдөөгдөж-урин дуудагдахдаа “чонОн-хул анхилж” буй хүслийн мэдрэмж болон; “чонОн улаан шимжээ ихээр Чингис ихэл омогийн минэ Цусанына улААн өнгөнө тэр бизээЛ” гэсэн үйлдлийн төгсгөл заасан тайллаар утгаа хураахад хүргэжээ. Ийнхүү дүрэмд бус хэллэгт захирагдаж, утгыг бичигт тодотгох зорилгоор “Минэ”, “чинЭ”, “гани”, “өнгөнө”, “юүнЭ” гэх зэргээр бичих болсон нь Ойрадын нутгийн хэл аялгууг бичигт тэр хэвээр нь тэмдэглэх зорилго бүхий Зая бандида Намхайжамцын зохион хэрэглэсэн Тод үсэг (1648)-ийн өнөө цагийн бас нэгэн үргэлжлэл хэмээн тодорхойлж болохоорт байна.

“…Алтанханайл Хэвлийн чинэ

охин хөх сэвлэгийг

Цэнхэр манан Эрвэгэнүүлжил,

амраг жаалхан чамтайгаанла, эрхэлж тунинхан сууХ

минэ

ЧонОнгоо чононгоо…”

Хүрэлбаатарын Эрхэмбаяр багштаны эл бүтээлд хөх өнгө онцгой байртай. “Халуун хөх талимаанД”, “өнгөл-хөх чонОно”, “чонОн хөх гинэшдэг”, “охин хөх сэвлэг” гэх мэт. Бас сул гийгүүлэгч авиаг нийлүүлж бичдэг нь “аньсанханайЛ”, “Цэнхэртүүлжил”, “чамайгаанла”, “чинийхээЛ”, “уурагийнХанал”, “Уусанханайл”, “Санажил”, “зөндөөчиг”, “салхил ингэж”, “удаанчиг”, “чинэл”, “ихэл”, “энэл”, “тэгээдэл” гэх мэтээр чимэх үүрэгтэй сул гийгүүлэгчийг үгийн үндсэнд нийлүүлэн нэг үг болгон шинээр үг “бүтээсэн”, бас зөөлний тэмдгэнд “дургүй” болохыг нь ч харж болно.

“Хасын тунгалаг хонгО өгзөгийг чинЭ Өвтгөж ХӨ ихээр

энхрийллээ

ХааНЫ минэ хатаДЫН гэгээн их,

үзэсгэлэн юүнЭ энэл бизЭЭ…” гэх буюу

“Хагас Анисан халуун харцтай Уруулын чинэ улааныг ихэЛ

озолоо

Хатан Бөртийгөөн хайрлахын гани,

Хаан-Чингис омОгоно тэр бизээ:

ЧонОн-хул биеэр чинэнэг, чонОн улаан шимжээ ихээр

Чингис ихэл омогийн минэ, Цусанына улААн өнгөнө тэр бизээЛ” гэсэн бүхэлдээ янагийн үйлдлийг зурагласан эл шүлгийн эхэнд ямар ч сэтгэлийн очгүй ахуйд нүдэнд нь хайрын совин, итгэл гэрэлтүүлэн (цэнхэртүүлж) ээнэгшүүлж, энэ бүхнээ ойролцоо утгатай өнгө заасан “цэнхэр”, “хөх” гэсэн тодотгол үгс, тэмдэг нэрээр эсрэг санааг нэгтгэж чадсан байх юм.

Аньсхийн хүсэмжилсэн янаг нэгэн бүсгүйн нүдний нь хөхөрч тачаадсан халуун талимаанд хайрын совин Цэнхэртүүлж, улмаар итгэл шавхсан гэгээн аалинд нь уусаж энэ бүхнээ “томоогүйл МУУхай дассаныхаа” гэж учирлаж байна. Салхийг “суусар нөмгөн” хэмээн шүлгийн утгатайгаа хамаатуулж, сувдарч асгарсан хайрын нь “өнгөл (өлөн, тэсч ядсан) хөх чоно” болон хувирч буй уянгын “би” баатрын өсөлт харагддаг. Улмаар цэнхэр манантуулж эрвэгэнүүлэн эрхэлж- тунин садагнаж, цаашлаад; бүсгүйн үлэмжийн чанар (тэгш таван хүсэл)-т ээнэгшин, үгүйлэн санах болсон хязгааргүй их дотнослыг “үгүйлэнхэн муухайЛ хайрласаныхаа” гээд үг алдчихаж байна. “ЧонОн-хул анхилна” гэдэг ч өнгөний бус үйлдлийг төлөөлж буй уран маяг болж харагддаг.

“минийЛЭ муухай чинийХээл

үлэмжийн чанарт энэшинхэнЭЙЛ

үгүйлэн санаХын энүүхэнЭЭС

үгүйлэнхэн муухайЛ хайрласныхаа”.

Энэхүү “муухайЛ” гэсэн үг өхөөрдсөн, сэтгэлд нь мартахын аргагүй сэтгэгдэл үлдээснээс (үгүйлснээс) үүдэлтэй уулга алдалт болой.

Бас “өвтгөж ХӨ ихээр энхрийллээ”, “үмхэлж хӨ өвтгөж эрхэллээ” гэсэн эрээ цээргүй үйлдлийг тоочсон боловч далд санаагаар эерүүлэн өгүүлэхдээ бахадсан, чадсан утгаар бус энхрийлсэн, өрөвдсөн санаагаар “хө” хэмээн сул үг хаяж урнаар зохиомжлон өгүүлснийг харж болно. Өөрөөр хэлэхэд “гоё” өвтгөснөө ардын дуугаар өвлөгдөн ирсэн “хө” гэсэн энэ уламжлалт айзмын нугалаагаар төлөөлүүлж байгаа юм.

Үгийн байршил, утгын шинэчлэл гэдэг энгийн үгийг амь тээлгэж, агуулгаа саруулсгаж чаддаггийн учир энэ буюу. Утгыг тодотгож аялгууг шингээгч энэхүү уламжлалт айзам хэмнэл тохируулагч аялга үг (“хө”)-нд гол санаагаа хурааж чадна гэдэг өнөө цагийн яруу найргийн; далд санаанд шүтэн илүү гүн ухаанжиж буй, илүү драмжиж буй хандлагад өвөрмөц эрэл, бас олз болон харагдах… Үг, үсэглэлийн алдаатайгаар үгийн байрлал эвдэж утгыг зөрчиж бичсэнд ч хэл шинжлэл, утга зохиол (яруу сайхны сэтгэлгээ)-ын ялгаа орших… Ингэж бичсэн шүлгийг энэ цагийн авьяаслаг хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат нөхөр маань аялгуулж, нийтийн дууны томоохон төлөөлөгч, МУГЖ С.Жавхлан эгшиглүүлснээрээ XXI зууны “Үлэмжийн чанар” хэмээн өргөмжлөгдөж ч болох…

Улмаар хэрэг шувтрахад “Хаан Чингис” омог нь дарагдаж, тэрхүү Чингис омгийн үр удам, нуган үр аавдаа ульж буйгаар хүний амьдралын жам ёс, эргэх хүрдэн, үүсэл хөврөл гэсэн бүхий л үйл явдлыг хэдхэн мөрөнд багтаахдаа “миний жаалхан ЧонОнгоо” хэмээн хатан Бөртэд өргөмжлөн залж буй сэтгэлийн их өргөмжлөл, оюуны тайллыг монгол эрийн санаашралаар дүрслэн зурагласан юм. Түүнчлэн өвдөглөж суусан нүцгэн бүсгүйн байдал дэлээ унжуулсан гичий чоно мэт харагддагийг

“Сул асгасан гэзэгээр чинэ зөндөөчиг удаан наадлаа

Суусар нөмгөн салхил ингэж, чонОн-хул анхилдаг бизээ…” гэсэн бодтойд аваачиж сэтгэсэн уран хийсвэрлэл зэрэг гэрчилдаг. Хүн бүхэн дураараа бичин “хоёр сая таван зуун мянган монгол хэл”-тэй болж “хөгжин боловсорч”, үндэсний утга зохиолын хэл үгүй болсон мэт энэ цагт “ЧонО” хэмээх эрхэм багшийн утгыг шүтэж шинээр нээхийг зорьсон өвөрмөц хандлага; “ЧонОнгоо” бүтээлд нь илүү гүнзгий тусгагдаж өвөрмөц сэтгэмж, эрэл бий болгосон гэдгийг энд, онцлон тэмдэглэхийг хүслээ.

“Нүдний хэлмэр” буюу хараагаар хүртэж утгыг ухаарах (eye dialect) гэсэн ойлголт, ухагдахууныг Английн эрдэмтэн Ж.Ф.Крафф “Америкийн англи хэл” (1925) бүтээлдээ анх тэмдэглэн, утга зохиолын нэр томьёонд шинээр оруулж ирсэн байдаг. Тэрбээр “тогтсон тааллыг эвдэх нь нүдэнд өртөхөөс, чихэнд сонсдох учиргүй” хэмээн бичиж байв. Энэ нь цэг таслал, өгүүлбэрийг хувиргах төдийгүй ярианы хэллэг, этгээд үсэглэл, орон газрын болоод нутгийн аялгууны хэлийг зориуд сонгох маяг юм. Учир нь ийм туршилт, туршлага дэлхийн утга зохиолын санд уламжлагдаж ирснийг Ч.Диккенс “Зэврүүн байшин” (1852) романдаа харааны хэл болон авиан зүйн бичлэгийг хослуулан бичсэнээр жишээлж болно. Мөн Английн яруу найрагч Жон Бэйтжмен “Кадогэн буудалд Оскар Уайльдийг баривчилсан нь” (1937) шүлэгтээ энэхүү “харааны хэлэмж”-ийг үргэлжлүүлсэн билээ. Орос хэлэнд ч “Что- што” (Хүргэн хүү түлшний тэрэг хулгайлсан нь -Мой зять украл машину дров) гэж бичсэнийг В.Шукшиний дээрх өгүүллэг гэрчилдэг.

Түүнчлэн утгын ялгамжаа үүсгэх зорилгоор үг хоорондын зай авалгүй нийлүүлж бичих, үгийн дунд том үсэг оруулан ялгаж онцлох нь яруу найрагт бичвэр судлалын асуудал болохыг Америкийн яруу найрагч Э.Э.Күмингс тодорхойлон дэвшүүлсэн (1940) байдаг. Энэ хэлбэрийн шүлэг зохиолд үг, үсгийн том жижгээс гадна далд өгүүлэмж болоод этгээд үгсийн нэгдэл, мөр тэтгэж эхлүүлэх буюу шүлгийн бадаглал, хайрцаглал, цэг таслал бүхэн онцгой үүрэг бүхий амь тээсэн утгатай байдаг. Энэ нь тухайн яруу найрагт үг үсэг нь зөв бичих дүрмийн үүднээс бус “тэмдэгт”-ийн үүрэг гүйцэтгэх онцлогтой болж хувирсных юм. Үгийн байрлалын хувьд: үсгээр тоглоом хийх (anagram), үгийн наадаан зохиох (puns), сүлжээ үүсгэх (acrostics), үгийн байрлалыг өөрчлөх (spoonerism)-ийг голлодог бол хэлбэрийн хувьд: харагдац, эгшиглэнт байдлыг чухалчилдаг байна. Эдгээр нь “учир зүйг эвдэх” буюу утга учиргүй хэлбэр, дарааллыг шүтдэг онцлогоороо “дадайст” урсгал болоод Роберт Грэйлийн яруу найргаас улбаатай нь илт байдаг.

Ийнхүү Э.Күмингс нийлмэл шинэ үг, өгүүлбэр зүйн урвуу байрлал бүхий зөв бичих зүй (orthography)-г зөрчсөн хэл шинжлэлийн туршилт хийхээс гадна зохиолч, зураачийн хувьд өөрийн овог, нэрээ болон шүлгээ бүхэлд нь жижиг үсгээр бичиж байв. Том үсгийг зөвхөн онцгой ялгамжит зорилгоор шүлэгтээ ашиглах төдийгүй өөрийн номын гар бичмэл эх дээрээ л овог, нэрийн эхний үсгээ томоор бичиж байсан нь үгийн эхний үсгийг зориудаар өөрчлөх арга (Decapitalization)-аар тайлбарлагдах билээ. Күмингс чингэж шинэ цагийн чөлөөт хэлбэрийн шүлэг (акростих)-ийг томьёолон боловсруулахдаа цэг таслалгүй ч алдаагүй найруулан бичиж байснаараа онолын шинжтэй эрэл хайгуулыг эхлүүлсэн юм.

Харин саяхнаас буюу 2016 онд энэ хэлбэр Америкт дахин сэргэхдээ: уншигчдыг хөгжөөх зорилгоор бичвэрт зориудаар үг үсгийн алдаа гарган “утга учиргүй болгох” (абсурд) хэв маяг болон түгэн дэлгэрч, яруу найргийн төрөлд хүчээ авчсан нь өргөн маргаан дагуулахын зэрэгцээ маш олон санал, сэтгэгдэл өрнүүлж буйг тэмдэглэхгүй өнгөрөх аргагүй. Үүнд: үсэг гээх (when — wen), үсгийн байрлалыг өөрчлөн хувиргах (My naem is…, night-nite, fight- fite etc.,) түгээмэл шинж тэмдэгүүд ажиглагдах болов. Жишээлбэл: Британийн зохиолч Сэм Гэрлэндийн “Би талханд дуртай” (I lik the bred, 2016) зэрэг шүлгийг уугуул англи хэлтэй, шинэ цагийн мэдээлэлтэй хүн л ойлгож, зөв бурууг нь ялгаж хандах болж байна.

Харамсалтай нь дэлхий нийтийн ийм уламжлал, арга хэлбэрийн туршлага, шинэ туршилт- оролдлогыг монголчууд маань төдийлөн сайн мэдэхгүйн улмаас хээнцэрлэн чамирхаж, залуус хүүхдэд зөв бичих дүрмийг төөрөгдүүлэх нөлөөллөөр бичиж буйг цаашид анхаарууштайг онцлон тэмдэглэе. Эх сайхан хэл минь, эгнэгт мөнх оршиг!

Д.Цэвээндорж (ШУА, ХЗХ)
2021.0221 (Олон улсын эх хэлний өдөр)

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн