Бэлэг сонгоно гэдэг амаргүй ажил. Бэлэг нь хүлээн авагчийнхаа хэрэгцээг хангахаас гадна эерэг энергиэр цэнэглэж байх ёстой.

Ингэхгүй бол та тухайн хүний амьдралд таагүй сэтгэгдэл, зовлон шаналал үлдээх гэмтэй. Мэдээж энэ бүгд ямар нэгэн сүсэг бишрэлд итгэдэг хүмүүст хамаатай. Европын зарим орнуудын иргэд ямар бэлэгт таагүй ханддагийг эндээс мэдэж аваарай.

Литва

Зааны яс бол ховор хэр нь үнэтэй материал. Үүнийг эрт дээр цагаас эхлэн гоёл чимэглэл, элдэв сувенирт хэрэглэж ирсэн. Сувс, бугуйвч, сахиус, ээмэг гээд зааны ясаар хийсэн бүгд үнэ цэнтэй, гоёмсог бэлэгт тооцогддог. Харин Литвад бол өөр. Энд зааны ясаар хийсэн эдлэлийг таагүй зүйл тохиогоосой, хүнд өвчин тусаасай гэж бодсон муу санаатай хүмүүс өөр хүнд өгдөг гэж үздэг аж.

Польш

Зарим оронд тэтгэвэртээ гарч байгаа хүнд алтан цаг өгдөг уламжлал бий. Харин польшууд үүнийг тэвчихгүй. Тэд цаг бэлэглэх нь найзын харилцааг зогсоож, таагүй зүйл болохыг зөгнөнө гэж үздэг байна. Гутлыг ч мөн салалтын бэлгэдэл гэж үздэг байна.

Швед

Сүүлийн үед гараар хийсэн гоёмсог саван бэлэглэх нь мода болсон. Нэг талаас энэ нь хүн шууд хэрэглэж болох хэрэгцээтэй бэлэг. Нөгөө талаас төрөл бүрийн дизайнтай савангуудыг тавиур дээр сувенир болгон тавихад хэдэн жилдээ муудахааргүй, сайхан үнэр түгээх давуу талтай.

Харин Шведэд саван бэлэглэх нь бэлэглэж байгаа хүн, авч байгаа хүн хоёрын нөхөрсөг харилцааг “угаачихдаг” гэж үздэг гэнэ. Швед эрчүүд хайртай бүсгүйдээ хэзээ ч торгомсог алчуур бэлэглэдэггүй. Энэ нь цаг хугацааны явцад хайртай бүсгүй нь түүгээр нулимсаа арчиж болзошгүй гэж зөгнөдөгтэй холбоотой.

Швейцар

Швейцарчуудад гоёмсог хос бээлий бэлэглэвэл тэд танд эргүүлээд л өгнө. Учир нь бээлий хоёр талд хоёуланд нь азгүйдлийг зөгнөнө гэж үздэг байна. Түүнчлэн цэцгийн баглаа бэлэглэхдээ анхааралтай байхгүй бол гурван ширхэг улаан сарнайг тачаадсан хүн дурлалт хүндээ бэлэглэдэг байна.

Ирланд

Толь хэчнээн гоё харагдсан ч ирландчуудад бэлэглэнэ гэж санах хэрэггүй. Эндхийн домгоор бол толь бол нөгөө ертөнцийн цонх юм. Үүнийг бэлгэнд авна гэдэг өөртөө таагүй зүйлийг татаж байгаагийн шинж гэнэ. Үүнээс гадна ирландуудад гараар хийсэн зүйл, жишээ нь нэхмэл ороолт, цамц, оймс өгвөл баярлахгүй л болов уу. Яагаад гэвэл ирланд гэр бүлд нэхдэг хүмүүс олон болохоор тэд багаасаа л ийм бэлэг аваад сурчихсан байдаг аж.

Чех

Гоо даль цэцгийг чехүүд оршуулгын ёслолтой холбон хэрэглэдэг. Тиймээс энэ улсад байхдаа гоо даль нэмсэн баглаа битгий худалдан аваарай. Чехүүд бусад орны иргэдээс ялгаатай нь бие биедээ дотуур хувцас, оймс, гоо сайхны хэрэгсэл, гал тогооны алчуур болон бусад хэрэгцээт зүйлс бэлэглэхийг тун энгийнд тооцдог байна.

Грек

Эрчүүдэд хутга бэлэглэвэл дуртайяа хүлээн авдаг. Тэд хутгаа хэрэглэхгүй ч энэ хүйтэн зэвсгийг цуглуулгадаа нэмэрлэх дуртай. Харин грекүүдэд хутга бэлэглэвэл таагүй хүлээн авдаг бөгөөд муу ёр гэж үздэг байна. Мөн хайч, үнэртэй ус авах дургүй.

Англи

Англичуудад зангиа бэлэглэж баярлуулъя гэвэл судалтайгаас бусдыг нь сонгож болно. Энд ийм зангиаг эхнээс нь цэргийн хүмүүст хамааруулан хэрэглэж ирсэн бөгөөд тэд халагдсаныхаа дараа ч үргэлжлүүлсэн зүүдэг байжээ. Харин өдгөө судалтай зангиаг сургуулийн ажилтнууд зүүдэг.

АНЭУ

Энд хэтэрхий үнэтэй бэлгийг таашаадаггүй. Үнэтэй, тансаг бэлгийг зөвхөн эцэг эхчүүд үр хүүхдэдээ өгөх ёстой.

Нидерланд

Голландчууд хэн нэгний өмнө өртэй мэт мэдрэмжтэй явахыг хүсдэггүй. Тиймээс тэдэнд том хайрцагтай үнэтэй бэлэг баривал харин ч таагүй сэтгэгдлээ илэрхийлнэ шүү. Оронд нь даруухан сувенир барьж болно. Гэхдээ цэнхэр савлагаатай байж болохгүйг анхаараарай. Энд цэнхэр өнгө нь хайрын өнгө. Тйимээс бэлгийг тань буруугаар ойлгож болзошгүй.

Испани

Испаничууд ямар ч нөхцөлд цэцгийг бэлгэнд тооцдоггүй. Үүнээс гадна цагаан лили, мандарваа цэцгийг оршуулгатай холбон үздэг. Үүнээс гадна 13 цэцэгтэй баглаа барихыг хориглодог.

Итали

Итали эмэгтэйд хөөрхөн энгэрийн зүүлт бэлэглэвэл сайхан санагдана гэж бодож байна уу. Энэ бол италичуудын хувьд гашуудлын ёслолын нэг хэсэг. Мөн нусны алчуур орно. Энэ хоёрыг ямар ч үед итали анддаа бүү бэлэглээрэй. Сицилид сүй тавьсан хүнд хөөрхөн амьтны хэлбэртэй баримал, бэлэг дурсгал өгөхийг хориглодог байна. Энэ нь гэнэт үхэхийг зөгнөдөг гэжээ. Түүнчлэн бэлгээ нил ягаан өнгийн саванд хийж, боож болохгүй. Энэ бол азгүйдлийн өнгө гэж үздэг байна.

Герман

Гоо сайхны иж бүрдэл, хувцас, дотуур хувцас, ариун цэврийн хэрэгслүүд зэрэг нарийн нандин зүйл бэлэглэж болохгүй. Харин хуриман дээр хурц хэлбэртэй, тухайлбал шүхэр, хутга, хайч зэргийг бэлэглэвэл таагүйд тооцогддог. Залуу хосод мөнгө бэлэглэвэл санхүүгийн байдал дорой байхын бэлгэдэл гээд, мэдрэмжгүйд тооцдог байна.

Франц

Франц үнэртэн бол эмэгтэй хүнд барих төгс бэлэг. Харин Францад бол эмэгтэй хүнд зөвхөн хайртай эр нь л үнэртэн бэлэглэх эрхтэй. Дээр нь шиваантиг, улаан сарнай бэлэглэхээс тагалз. Эхнийх нь оршуулгын газруудад байдаг цэцэг бол хоёр дахь нь дэндүү дотноссон харилцааг илтгэдэг.

Орчуулсан Э.Март : bigpicture.ru

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн