Монгол Улсын Засгийн газраас 2020-2021 оны өвөлжилт хүндрэхээс урьдчилан сэргийлж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.

Үүнд:

Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Улсын нөөцөөс өвс, тэжээл гаргах тухай” 212 дугаар тогтоолоор өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн болон хүндрэх төлөвтэй байгаа Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Ховд аймагт Улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байсан, нийт 2.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 3800 тонн өвс үнэгүй, 1900 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэсэн. Дээрх аймгуудын Засаг дарга нар захирамж гаргаж малчдад өвс, тэжээл олгох ажлыг зохион байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 213 дугаар тогтоолоор Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5 сая ам.долларын эх үүсвэрээр Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын болон отроор явж буй малчин өрхөд 300,000 төгрөгийн хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Улсын Онцгой Комиссын даргын тушаалаар энэ ажлыг зохион байгуулах түр журам, ажлын төлөвлөгөөг баталж, тэжээл олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайдаар ахлуулан байгуулсан.

Тэжээл олгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн мэдээллээр орон нутагт тэжээл хүргэлтийн ажил дунджаар 40.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ ажлын хэрэгжилт аймаг, орон нутагт хэрхэн явагдаж байгаа талаар төслийн ажилтнууд орон нутагт томилолтоор ажиллаж, ажлын зохион байгуулалт, тэжээл хүргэлт, хүлээн авалт, хадгалалт, хуваарилалт, тараалтын байдалд хяналт хийж, анхан шатны баримт материал бүрдүүлэлт, мал тэжээх заавар, малчин өрхүүдтэй уулзах ажлыг газар дээр нь зохион байгуулсан.

Мал аж ахуйн үйлдвэрлэл дэх 2021 оны өвөл, хаврын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр яамнаас дараах бодлогын арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Тэжээл импортлох чиглэлээр 50 гаруй аж ахуй нэгжтэй, 120.0 орчим мянган тонн тэжээл импортлох бодлогын гэрээ байгуулсан. Ингэснээр 2021 оны Мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдсэн.

Өнөөдрийн байдлаар нийт 20.0 гаруй мянган тонн бүх төрлийн тэжээл импортлоод байна. Ингэснээр 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хийсэн үнийн судалгаагаар 25 кг савлагаатай хивэгний дундаж үнэ 19465 төгрөг байсан бол тэжээл импортлосноор хойш хивэгний үнэ 17965 төгрөг болж, өмнөхөөс 8 орчим хувиар буурсан дүн гарсан. Одоо Сэлэнгэ аймагт 1200, Дорнодод 200, нийслэлд 300 тонн, нийт 1700 тонн өвсний нөөц байна. Зах зээл дээр 20 кг боодолтой өвс 8000-12000 төгрөгийн үнэтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар арын 17-ны өдрийн хуралданаар Баян-Өлгий аймгийн “Цагааннуур”, Увс аймгийн “Боршоо” хилийн боомтоор малын тэжээл имплортлох арга хэмжээ аваад байна. Ингэснээр баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, хаваржилтын эрсдлийг буруулах боломж бүрдэж байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Аймаг, орон нутгийн Засаг дарга нар хамтран авч хэрэгжүүлсэн удаа дараагийн арга хэмжээний үр дүнд Мал аж ахуйн салбарынхан өвлийг өнтэй давж хавартай золгоод байна.

Цаг агаарын тойм мэдээнээс үзвэл өмнөх сараас агаарын температур дулаарсан, хур тунадасны хэмжээ болон цасны зузаан багассан, цаг агаарын эрсдэл харьцангуй буурсан гэж дүгнэж байна. Тухайлбал Цаг агаар, зудын эрсдэлийн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн зургаас үзэхэд манай орны 11 аймгийн 89 сум нэн их эрсдэлтэй, 20 аймгийн 152 сум их эрсдэлтэй гэсэн ангилалд хамрагдаж байсан.

Өнөөдрийн байдлаар мал хаваржилтын байдал хэвийн байна. Өвөлжилт хүндхэн байсан Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхөнгай, Дундговь, Архангай зэрэг аймагт хаваржилт хүндхэн болох төлөвтэй байгаад яам анхаарч холбогдох арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Эдгээр аймгуудад малын зүй бус хорогдол нилээд өндөр байгаад бид дүгнэлт хийж байна.

Энэ оны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 439.7 мянган толгой мал хорогдоод байна. Архангай аймагт 28.3 мянга, Баянхонгорт 219.3 мянга, Говь-Алтайд 31.9 мянга, Өвөрхангайд 33.7 мянга, Төв аймагт 36.4 мянга буюу 365.4 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 83.1 хувийг эзэлж байна. Цаашид малын зүй бус хорогдлыг багасгах, холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар зөвлөмж боловсруулж байна.

Энэ оны 2 дугаар сарын 10-ны байдлаар 10 аймгийн 5637 малчин өрхийн 3.9 сая толгой мал бусад Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Говь-Сүмбэр, Сэлэнгэ аймгийн нутагт отроор өвөлжиж байна. Мөн Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 4640 малчин өрхийн 2.1 сая толгой, нийт 10277 малчин өрхийн 5.2 сая толгой мал отроор өвөлжөөд одоо хаваржиж байна.

Аймаг, орон нутаг дахь отор нүүдлийн зохицуулалтын асуудлыг Засгийн газрын 2020 оны 63 дугаар тэмдэглэлд заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор тухайн бэлчээрийг чөлөөлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Аймгийн Засаг дарга нарт даалгасан.

Отроор ирсэн малчин өрхийг буцаж нүүхээс өмнө Монгол улсын Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтанд авах журам”-д заасны дагуу аймаг, сумдын Засаг дарга нар хамтарсан ажлын хэсэг томилон сэг, зэм устгалын ажлыг, түүнчлэн Мал эмнэлгийн байгууллагаас гаргаж өгсөн отор нүүдлийн маршрутын дагуу нүүдэл хийлгэх арга хэмжээг мал оторлуулагч талтай хамтран зохион байгуулах, малчид иргэдийг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм.

ХХААХҮ-ийн сайд “Хаваржилтын болзошгүй хүндрэл, хүн, малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх, отор, нүүдлийн мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих” тухай албан даалгавар гаргаж аймгийн Засаг дарга нарт хүргүүлэхээр бэлтгэж байна.

Албан даалгаварт: Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнд тулгуурлан отор нүүдлийг зохион байгуулах, хаврын бэлчээрийн даацад тохируулан малын шилжилт, хөдөлгөөний зохицуулалт хийх, төл хүлээн авах бэлтгэлийг хангах, малын өвс, тэжээлийн хангамжийг сайжруулах, үнийг тогтвортой байлгах, зарим газарт мал бэлчээрлэх боломжгүйгээс тэжээлийн тэжээлийн дутагдалд орох, малын хөл халцрах, омруутах, хамуурах, ширхтэх өвчлөл гарч малын хорогдлын тоо нэмэгдэх зэрэг олон асуудал гарч болзошгүй тул дүгнэлт хийж байна.

Энэхүү нөхцөл байдал үүсэхээс бүх түвшинд урьдчилан сэргийлж мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, өвс, тэжээлийн хангамжийг сайжруулах, 2021 оны төл хүлээн авалт, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, бэлчээр, нийтийн эзэмшилийн газар нутаг болон төв, орон нутгийн чанартай замын ойролцоо үхсэн мал, амьтны хүүр, сэг зэм зэргээс байгаль орчин бохирдон, мал, амьтны халдварт өвчин дамжин тархах эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэхэд уг албан даалгаврын зорилго оршино.

Яам Малын шилжилт, хөдөлгөөн, отор нүүдлийн хийх талаар зөвлөмж боловсруулан аймаг, орон нутагт хүргэхэд бэлтгэв. Энэ асуудал аймаг, сумдын Засаг дарга нар, Аймгийн Мал эмнэлгийн дарга нар, Сумын Мал эмнэлгийн тасаг /МЭТ/, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж /МЭҮН/, малчид, мал бүхий иргэд юу анхаарах талаар тусгаад байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн