Монгол Улсад ирэх даваа гаригт хоёр төрлийн вакцин буух аж. Тодруулбал, Энэтхэг улсаас 150 мянган тун буюу нэг хүнд хоёр тун хийхэд 75 мянган хүнд хийх “AstraZeneca”-гийн вакцин буух юм байна. Тус вакциныг “COVAX” хөтөлбөрийн хүрээнд үнэгүй оруулж ирж байгаа юм. Мөн БНСУ-аас 125 мянган хүнд хүрэлцэх “Pfizer” -ын вакцин буух юм.
Вакцинтай холбоотой мэдээллийг өнөөдрийн “Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийх үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өглөө.
“Манай улсад энэ сарын 22-ноос эхний вакцин буух бөгөөд вакцинжуулалт эхэлнэ. Вакцинд хамруулах хуваарийг одоогоор гаргасан. Эхлээд эмч эмнэлгийн ажилтнууд, эрсдэлтэй газар ажиллаж байгаа албан хаагч, өндөр настай, архаг хууч өвстэй хүмүүсээ вакцинд хамруулаад явна. Эхний вакцин 150 мянган хүн тун буюу хоёр тунгаар хийхэд 75 мянган хүнд хийнэ. Дараагийн вакцин 125 мянган хүнд хүрэлцэх тун ирнэ. Тодорхой мэдээллийг цаг тухай бүрд нь мэдээлээд явна” гэлээ.
Мөн ирэх даваа гаригт БНХАУ-аас тусламжаар тодорхой хэмжээний вакцин оруулж ирэх бөгөөд ямар хэмжээтэй ирэх талаар тодорхойгүй байна. ОХУ-аас ч манай улсад вакцин хандивлах саналаа илэрхийлээд байгаа юм.
Л.Баяр