“Naad” брэндийн угсардаг гэр сүүлийн үед гадны жуулчид төдийгүй гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд хамгийн их эрэлт үүсгээд байна. Тиймээс бид энэхүү төслийн санаачлагч “Талын эзэн” компанийн захирал С.Сайханбаярыг “Бизнес хөгжил” булангийн энэ удаагийн зочноор урьж ярилцсан юм.
-Танай бүтээсэн угсардаг гэр зах зээлд хүмүүсийн сонирхолыг маш ихээр татаж байна. Бүтээх болсон анхны санаа хаанаас төрсөн талаар яриагаа эхлэе?
-Миний хувьд маркетингийн чиглэлээр МСS, Юнител зэрэг томоохон компаниудад ажиллаж байсан. Маркетингийн хүмүүст брэнд бүтээгдэхүүн гаргах маш том амбиц байдаг юм. Манай дотоодын зах зээл бага учраас юу хийвэл дэлхийн зах зээлд гарч болох талаар нэлээд их судалгаа хийсэн. Монгол Улсын онцлог өгөгдөл бүхий зүйл байх ёстой юм байна гэж үзээд, монгол гэр хийхээр болсон.
Дэлхийн тоглоомын зах зээлийг судлаад үзтэл, нэлээд өндөр дүн эргэлддэг төдийгүй орох боломж нь харьцангуй гайгүй байсан. Тэгэхээр тоглоом болон сувинерийн зах зээл нь боломжийн гэж үзээд гурван жилийн өмнөөс монгол гэр хийхээр оролдож эхэлсэн.
Хүүхдийн тоглоом учраас эрүүл ахуйн асуудал маш чухал. Манай бүтээгдэхүүнийг гадны жуулчид маш ихээр сонирхож байгаа. Жуулчид Монголд ирээд хамгийн түрүүнд гэрт орж үзэхийг хүсдэг юм байна. Цаашлаад барьж үзэхийг хүсдэг ч боломж нь олдохгүй байсаар буцдаг. Тиймээс бид гэрийг авч үзсэн. Гэрээр эхлэсэн бидний бүтээгдэхүүн цаашлаад эд өлгийн соёл руу орж хэд хэдэн бүтээгдэхүүн хийхээр төлөвлөөд байгаа.
-Дараагийн бүтээгдэхүүн нь юу байх бол?
– Дараагийнх нь гэртэй холбоотой бүтээгдэхүүн байна. Гадныхан биднийг “Та нар гудамжиндаа мориороо явдаг уу” гэж асууж байгаа нь угтаа бол доромжлол биш юм. Монгол хүн морь хоёрыг салгаж харах аргагүй. Дэлхий дахинаа биднийг ингэж төсөөлж байхад, үүнийгээ хэрхэн гаргаж таниулах вэ гэдэг нь маш чухал. Тал нутаг, таван хошуу мал, гэр гурав нь нүүдэлчин монголчуудыг тодорхойлох өгөгдөл юм.
-Материалыг нь яагаад хуванцараар хийсэн юм бэ. Модоор хийсэн бол яг монгол гэрийн жижиг хувилбар байх байсан юм биш үү?
-Анхны загваруудаа модоор хийж үзсэн л дээ. Арваад загвар гаргаад хүмүүст үзүүлэхэд наадах чинь нэг л биш байна гэдэг байсан. Монгол гэр гэхээрээ л ийм болхи байх ёстой юм уу, дэлхийн стандарт руу дөхүүл гэсэн санал их ирсэн. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийнхээ явцад гурван жилийн хугацаанд маш их туршилтуудыг хийсэн. Амжилттай, амжилтгүй бүх хувилбаруудаа бид хадгалаад явсан.
Зарим улсад модон бүтээгдэхүүн зарахыг хориглодог юм байна. Хаанаас тайрсан ямар модоор хийсэн гэхчилэн гарал үүслийг нь шаарддаг. Тэгэхээр хуванцар материалыг эко бус гэж байгаа ч мод тайрч хийх нь бүр ч эко бус болж байна. Ер нь дэлхийн зах зээлд бараагаа худалдана, тухайн улсын хэрэглэгчээ ойлгоно гэдэг асар том асуудал юм байна. Тиймээс бид дэлхийн стандартад нийцүүлэхийн тулд маш их судалгаа хийсэн.
Тоглоомын зах зээлийн гол тоглогчид болох Лего, Маттел, Хасбро, Хэйп зэрэг брэндүүдийг судлахаас өөр зам байгаагүй. Тэгээд судалгааны дүнд хуванцарын технологи хамгийн тохиромжтой болж таарсан. Хүүхдийн тоглоом учраас эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой. Тиймээс Солонгосоос бэлдэцээ авч байна.
Түүхий эд орцын хувьд яалт ч үгүй гаднаас авч байгаа ч 100 хувь Монголдоо үйлдвэрлэж байгаа. Манай улсын нэр гарах учраас Монголоос гарч байгаа бүтээгдэхүүн сайн байх ёстой шүү анхаараарай гэх хүмүүс олон байсан. Бидний гол амбиц дэлхийд гарах. Тиймээс Монголчууд юм хийхээрээ сайн хийж чаддаг гэдгийг харуулахын тулд нэлээд чармайсан. Стандартад нийцээд эхлэхээр дэлхий өөрөө сонирхоод ирдэг юм байна.
Бидэнд дистрибютер болох саналууд ч их ирж байгаа. Дэлхийд гаргахаар Монгол гэдэг нэр хамт гарах учраас чанар стандартын дагуу гаргахын тулд амжуулах ажил их байна. Хуванцараа шийдсэний дараа эсгийний асуудал гарч ирсэн. Монгол эсгийний орон гэгддэг ч Монголд үйлдвэрлэсэн эсгий халуун болон чийглэг оронд очихоороо үнэр гардаг юм байна. Монгол хонины ноос бүдүүн ширхэгтэй учир завсраар нь нян орж үрждэг төдийгүй хүүхдийн ам хамарт орох эрсдэлтэй байсан. Тийм учраас бид эсгийгээ одоогоор гаднаас авч байгаа ч алсдаа Монголдоо үйлдвэрлэхээр зорьж, мэргэжлийн байгууллагад ч хандаад байна.