2021 оны хоёрдугаар сарын байдлаар Монголын хөрөнгийн бирж /МХБ/-ийн арилжаанд өдөрт дунджаар 2000-2500 иргэн, ААН оролцож байна. Үүний 85-90 хувь нь МХБ-ийн гишүүн үнэт цаасны 9 компаниар зуучлуулан онлайнаар арилжаанд оролцож байгаа юм.
Монголын хөрөнгийн зах зээлд “Миллениум Ай Ти” систем 2012 онд нэвтэрснээр хөрөнгө оруулагчид гар утас, компьютер, таблет гэх мэт дурын цахим төхөөрөмж ашиглан онлайнаар арилжаанд шууд оролцох боломжтой болсон.
Улмаар жил ирэх тусам онлайнаар арилжаанд оролцогчдын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал, 2019 онд МХБ-ийн арилжаанд оролцож буй хөрөнгө оруулагчдын 33 хувь, 2020 онд 70 хувь нь онлайнаар оролцсон гэсэн судалгаа байна.
Ийнхүү Ковид-19 цар тахлын улмаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэд, аж ахуй нэгжүүд цахим хэрэглээнд шилжиж, үнэт цаасны арилжаанд оролцож байгаа нь цаашид хөрөнгийн зах зээл тэлэх, хөгжих явцад эерэгээр нөлөөлж, иргэдийн идэвх оролцоо, сонирхол нэмэгдэх чухал хөшүүрэг болж байна гэж МХБ-ээс мэдээллээ.