Анагаахийн Шинжлэх Ухааны Их сургуулийн эрдэмтдийн төлөөлөл SARS-Cov-2-ийг шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлжээ. Тус төслийн багийн төлөөллийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар хүлээн авч уулзлаа.
Шүлснээс шинжилгээ авч Ковид-19 вирусийг илрүүлэх оношлуурын төслийн ажлыг АШУИС-ийн эрдэмтэд 2020 оны 12 сард эхлүүлж 2021 оны 3 сард дуусгахаар ажиллаж байна. Төслийн удирдагчаар Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, Зөвлөхөөр Анагаахын ухааны доктор, профессор, академич Г.Болдбаатар нар ахлан АШУИС-ийн 10 гаруй эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
SARS-Cov-2-ийг оношлуураар илрүүлэх уг төсөл нь PНХ-ийг шүлсэнд илрүүлэх бодит хугацааны ПГУ-ын технологийг боловсроуулж оношлуур бүтээх юм байна. Уг оношлуурыг төслийн хугацаанд бүтээж, үндэсний хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлэхээр эрдэмтэд ажиллаж байгаа гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой уулзахдаа танилцуулсан юм.
Шүлснээс вирус илрүүлэх оношлуур бүтээх ажил үр дүн өндөртэй яваа гэдгийг эрдэмтдийн төлөөлөл болох АУ-ны доктор, профессор Г.Болдбаатар танилцуулсан юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс АШУИС-ийн эрдэмтдийн хийж буй аливаа шинжлэх ухааны бүтээлийг яам бодлогоор дэмжиж ажиллана гэдгийг илэрхийллээ. Уг төслийн багийг яамны зүгээс бүх талаар дэмжиж, шаардлагатай туслалцааг үзүүлнэ гэдгээ уулзалтын үед илэрхийлсэн юм.
Шүлснээс вирус илрүүлэх оношлуур бүтээх уг төсөл амжилттай хэрэгжсэн нөхцөлд ковид-19 вирусийн шинжилгээг авч буй арга хэлбэрийг өөрчилж шүлснээс илрүүлэх боломж нээгдэх юм.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам