Татварын байгууллага Хувь хүний орлогын албан татварын 2021 оны тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн баримт материалыг хуулийн дагуу 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд бүртгэж, хүлээн авдаг. Энэ хугацааг сунгаж 2 дугаар сарын 26-ны өдөр болгосон тухай Татварын ерөнхий газраас мэдээлээд байгаа.
Тодруулбал, татвар төлөгч иргэд орон сууц шинээр худалдан авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд төлбөрийн хөнгөлөлт эдэлж, татварын буцаан олголтыг авах эрхтэй байдаг. Эдгээр хөнгөлөлтөд хамрагдахын тулд холбогдох материалыг бүрдүүлж 2 дугаар 15-ны дотор татварын байгууллагад өгдөг байсан.
Тэгвэл энэ онд COVID-19”-ийн цар тахлын нөхцөл байдлаас үүдэн буцаан олголтыг авах иргэдийн хүсэлтийг энэ оны 2 дугаар сарын 26-ныг дуустан сунгаад байна. Энэ хугацаа дуусахад 9 хоног үлдээд буйг татварын байгууллагаас сануулж байна. Энэ нь үүсээд буй нөхцөл байдал болон цахимаар хүсэлтийг авч эхэлсэнтэй холбоотой аж.
Татварын буцаан олголтын материал хүлээн авах хугацаа энэ сарын 26-ныг дуустал үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор татварын байцаагчдын тоог нэмж 60 хүнийг тогтмол ажиллуулж байна.
Татварын буцаан олголтын материалыг хүлээн авахтай холбогдуулан 1800-1288 дугаарын утас ажиллуулж байгаа бөгөөд зөвлөгөө, мэдээлэл өгөх татварын байцаагчдын тоог 60 болгон нэмжээ. 1800-1288 дугаарын утас нь нийслэлийн бүх дүүрэг болон 21 аймгийн татварын байгууллагатай шууд холбогддог юм.
Татварын ерөнхий газар