Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Оксфордын их сургууль, Англи-Шведийн AstraZeneca компанийн хамтран боловсруулсан коронавирусийн вакцины хоёр хувилбарыг яаралтай үед ашиглах жагсаалтад орууллаа. Ингэснээр COVAX механизмын хүрээнд улс орнуудад нийлүүлэх боломжтой болж байгаа гэнэ.
Ийм шийдвэр гаргаснаар цар тахлыг хяналтандаа авч, улс орнуудад коронавирусийн тархалттай тэмцэхэд туслах, шинэ омог тархахаас сэргийлэх боломжтой болно гэжээ.
Вакцины хоёр хувилбарыг өөр өөр үйлдвэрүүдэд үйлдвэрлэдэг аж. Эхнийхийг нь Өмнөд Солонгост үйлдвэрлэдэг бол хоёр дахийг нь Энэтхэгт үйлдвэрлэдэг гэжээ. Хэдийгээр энэ нь нэг төрлийн бэлдмэл боловч хувилбар болгоныг нь тусдаа авч үзэх ёстой гэж ДЭМБ-аас үзсэн байна.
COVAX нь COVID-19-ийн вакциныг бүх улсад тэгш хүртээмжтэйгээр хуваарилалтыг хангах санаачилгаар байгуулагдсан ДЭМБ-ын байгууллага юм.
ДЭМБ өмнө нь Pfizer, BioNTech компаниудын үйлдвэрлэсэн Comirnaty вакциныг яаралтай үед хэрэглэхийг сайшаан дэмжсэн билээ.
Орчуулсан Э.Март : www.who.int