Монгол Улсын “COVAX” хөтөлбөрийн хүрээнд 2021 оны нэгдүгээр улиралд “AstraZeneca”-гийн 163,200 тун, “Pfizer”-ийн 25,740 тун вакциныг тус тус хүлээн авахаар болоод байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд ч хоёрдугаар сарын 23-наас дархлаажуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн тухайгаа мэдэгдээд байна.
Тиймээс уншигч та бүхэнд манай улсад коронавирусийн эсрэг хийгдэх Их Британийн биотехнологийн “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран боловсруулсан “COVID-19”-ийн эсрэг “AZD1222” буюу “Covishield” вакцины талаар мэдээллийг багцлан хүргэж байна.
Их Британийн биотехнологийн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуультай хамтран боловсруулсан “COVID-19”-ийн эсрэг “AZD1222” вакцин юм. Вакцины нэр: AZD1222
Ялгаа:
Тус вакцин нь ихэнх уламжлалт вакцинаас ялгаатай нь тухайн вирусийн эсрэгтөрөгчийг агуулдаггүй бөгөөд харин тухайн бие махбодийн өөрийн эсийг ашиглан дархлааны системийг өдөөж антиген үйлдвэрлэх зарчмаар ажилладаг ажээ.
Үр дүн:
Вакцины хагас тун тариулснаас нэг сарын дараа бүтэн тун хийлгэсэн оролцогчдын датад дүн шинжилгээ хийхэд “AZD1222” вакцин коронавирусийн эсрэг 90 хувийн үр дүнтэй гэх дүн гарсан байна. ДЭМБ-ын зүгээс “Covishield” вакцины хоёр тунг дор хаяж 6 долоо хоногийн зайтай тарихыг зөвлөсөн эрдэмтэд вакцины хоёр тунг 8-12 долоо хоногийн зайтай тарьснаар вирусийн эсрэг илүү хүчтэй дархлаа бий гэх зөвлөмжийг өгөөд байна.
ДЭМБ 2021 оны хоёрдугаар сарын 15-нд “AstraZeneca”-гийн вакцины хоёр өөр хувилбарыг яаралтай горимд эмнэлзүйд ашиглах зөвшөөрөл олгосон.
Үйлдвэрлэл:
2021 онд 3 тэрбум тунг үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байна. Вакциныг Энэтхэг улсад үйлдвэрлэнэ. Тус вакциныг Өмнөд Солонгосын “SK Bioscience” компани “AstraZeneca”-гийн лицензээр “AZD1222” вакциныг үйлдвэрлэж байгаа бол Энэтхэгийн “Serum” институцэд “Covishield” нэрээр үйлдвэрлэж байгаа юм.
Зөвшөөрөл олгосон улс:
ДЭМБ-ээс гадна Европын холбоо, Европын эмийн агентлаг, Их Британи, Аргентин, Бразил, Энэтхэг, Өмнөд Солонгос, Пакистан болон Монгол Улс тэргүүтэй дэлхийн 50 гаруй орон тус вакциныг өөрийн эмийн бүртгэлд бүртгэж, яаралтай горимд эмнэлзүйд ашиглахыг зөвшөөрөөд байна.
Хадгалалт тээвэрлэлт:
Тээвэрлэх, хадгалах горимын хувьд “AZD1222” вакциныг ердийн тасалгааны температурт буюу Цельсийн нэмэх 2-8 хэмд зургаан сар хүртэл хадгалах горимтой.
Үнэ:
Цар тахлын үед үнэ нэмэхгүй гэж амласан AstraZeneca компани олон улсын эрүүл мэндийн байгууллага болон Засгийн газруудтай тохиролцож, нэг тунг нь 3-5 ам.доллараар үнэлсэн байна.
Хориглох заалт:
Харин ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу судалгааны тодорхой үр дүн гарах хүртэл зөвхөн хүнд хэлбэрийн харшилтай болон 18-аас доош насны иргэдэд “AZD1222” вакциныг тарихыг хориглох заалттай байгаа юм.
Л.Баяр