Ховд аймгийн Зэрэг сумаас баруун зүгт 20 километрын зайд өчигдөр Улаанбаатарын 21.14 цагт 4,2 магнитудын хүчтэй газар хөдөлснийг Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Үүний өмнөх өдөр Улаанбаатарын 04.09 цагт Дорнод аймгийн Халхгол сумаас баруун зүгт 117 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.
Харин Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт энэ сарын 15-ны 12.00 цагийн байдлаар 28 797 удаа газар хөдөлсөн нь бүртгэгджээ. Үүнээс 171 нь 3,5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт байсныг тус хүрээлэн мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын 05.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26км-ын зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш ийнхүү давтан үргэлжилсээр байгаа.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.
Эх сурвалж : Ховд аймаг МОНЦАМЭ