Өмнөх Засгийн газрын үед Зам тээврийн сайдаар, УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын Төмөр зам” ТӨХК-ийн Төслийн хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Зориг, БНСУ-ын “SCTECM” компанийн захирал Ли Жон Ёл, компанийн ажилтан Гу Дун Хён нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шүүгчийн захирамж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гарсан.
Тэднийг Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын төслийг хэрэгжүүлэх явцдаа бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, завшиж үрэгдүүлсэн, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан, албан үүрэгтээ хайнга хандсан гэм буруутайд тооцон шалгаад гурван жил болж байна.
Хэрэгт хяналт тавьсан прокурорууд шүүгчийн захирамжаар А.Гансүх нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаасныг үндэслэлгүй хэмээн эсэргүүцэл бичжээ. Тэд яллах болон цагаатгах талын нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулж, хэргийг хангалттай мөрдсөн байхад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар дахин шалгуулахаар болж байгааг эсэргүүцсэн юм.
Улсын яллагч нэгэнт эсэргүүцэл бичсэн тул өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тэдний хүсэлтийг хэлэлцлээ.
Дашрамд дурдахад, удаан хугацаанд шалгасан энэ хэргээс УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, гадаадад оргон зайлсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарын үйлдлийг тусгаарлаад байгаа юм.
Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх үед төрийн алба хашиж байсан дээрх хүмүүст холбогдох хэргийг шийдэлгүй удааж буй явдал нь нэг талаар ажил гацах, нөгөө талд ял завших боломж гаргах вий хэмээн иргэд шүүмжилж байгаа. Өнөөдөр болсон хурлын үеэр шүүх хуралдаанд юу болсныг хүргэе.
Шүүхийн нарийн бичиг: Өмгөөлөгч Н.Цэцэгмаа “Би 2017 оны тавдугаар сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжаар прокурорт хэргийг буцаагаад буй А.Гансүхийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Шүүх хуралдаанд заавал биечлэн оролцох хүсэлтэй байна” гэсэн хүсэлт гаргасан байна.
Харин яллагдагч А.Гансүх, “Баярсайхан, С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг нарын өмгөөлөгчөөс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу татгалзаж байна” гэсэн хүсэлт бичгээр өгсөн. Яллагдагч Ли Жон Ёлийн өмгөөлөгч Ж.Болдбаатар, Ш.Мягмарцэрэн нар өөр хэрэг дээр ажиллаж таарсан тул шүүх хурлыг арав хоног хойшлуулах хүсэлт гаргасан.
А.Зориг өмгөөлөгч С.Баясгаланг шинээр авсан тул хэргийн материалтай танилцах хугацаа хүссэн. Д.Цогтбаатарын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй байна. Яллагдагч Гу Дун Хёны өмигөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Т.Отгонбаатар нар ирсэн байна” гэв.
Үүний дараагаар улсын яллагч Б.Хурц сууж, Б.Дэндэвдорж босоод “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа. Яллагдагч нарын өмгөөлөгчид прокурорын эсэргүүцэл дээр гомдол гаргаагүй учраас цааш хэлэлцүүлэх саналтай байна. Хурал дээр зөвхөн эсэргүүцэл хэлэлцэх учраас байгаа өмгөөлөгч нарын хүрээнд хэлэлцэх боломжтой” гэв.
Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, “Монгол хэл бичиг мэдэхгүй гадаадын иргэн өмгөөлөгчгүй орох болчихоод энд сууж байна. Шүүх өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээж авах эсэхээ шийдэхээр зөвлөлдөх тасалгаанд орно” гэв.
Ингээд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч, прокурорын эсэргүүцлийг 2017 оны зургадугаар сарын 29-ний пүрэв гаригт хэлэлцэхээр болов.
Эх сурвалж: http://itoim.mn/index.php/site/news/9894