“Фракц болж задарсан намд эдийн засгийн зөв бодлого явуулах бололцоо байдаггүй. Хурдан “идэх” уралдаан бий болдог” хэмээн М.Энхсайхан Оксфордын судалгаанаас иш татан жиргэжээ. Нэгэн үе АН-ын даргаар ажиллаж, энэ намын эд эс нь болж явсан мань хүн ёстой голыг нь олоод дүгнэчихэж гэлтэй. Тэрбээр өнөөгийн ардчиллагчдыг, тэд юу хийж, ямар хор найруулдгийг арван хуруу шигээ мэднэ. Ямартаа л тэрбээр Монголын эдийн засаг хэвтэрт орлоо, 2016 онд банк битгий дампуураасай хэмээн залбирч байсан юм даг. АН-ынхны Засгийн газарт хамтарч, мега төслүүдийг хөдөлгөх үүрэг бүхий Монгол Улсын сайдаар ажилласан хүний амнаас гараад байхааргүй л үг. Гэвч ардчиллын нөхөд нь эдийн засгийг хэрхэн сүйтгэж байгааг дэргэдээс нь хараад тэсвэр алдсан биз.
Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг ганцхан жилийн дотор 2.1 тэрбум ам.долларын өр тавьсан. Саваа бэлдээгүй байж Чингис, Самурай бондуудыг авснаар Монголын эдийн засагт таатай боломжийг бус харин улсын өрийн хэмжээг өдрөөс өдөрт тэлэхэд л голлох үүрэг гүйцэтгэсэн гэхэд хилсдэхгүй. Хөрөнгө оруулалт буурч, нүүрс болон бусад эрдэс бүтээгдэхүүний үнэ унахтай зэрэгцэж валютын урсгал татарснаар ам.долларын ханш өсч, 1400 орчим төгрөгийн ханштай байсан ам.доллар 2500 төгрөг хүртлээ нэмэгдсэн бодит жишээг нэрлэж болно. Ам.долларын ханшийн галзуурал, төгрөгийн ханшийн уналт монголчуудын амьдралыг туйлдуулж, Ерөнхий сайд нь хүртэл “Өндөг чинь тансаг хэрэглээ. Өндөг, үнэтэй чихэр идэхээ боль” хэмээн ард түмнээ загнаж суусан цаг саяхан. Үнэхээр ч 2012 оны сонгуулийн өмнө “Алтан тариа” савлагаатай 1 дүгээр гурил 750 төгрөгөөр худалдаалагддаг байлаа. Харин 2016 он гэхэд 1100-1300 төгрөгт хүрсэн байх жишээтэй. “Атар” талх л гэхэд 2012 оны эхэнд 630 төгрөг байсан бол АН төрийн эрхэнд гарсан дөрвөн жилд 1200 болтлоо өсөв. Үнэхээр ч өмнөх Засгийн үед инфляци хоёр оронтой тоог давсан. Өөрөөр хэлбэл, инфляци бол бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг илтгэх эдийн засгийн үзүүлэлт юм.
Тиймдээ ч иргэд талх таллаж худалдан авдаг болсон тухай мэдээлэл нийгэмд гэрлийн хурдаар тархаж байв. Тансаг хэрэглээнд ортлоо зиндаархсан өндөг хүртэл 2012 оны сонгуулийн өмнө 200 төгрөг байсан юм даг.
Харин эрх баригчид эдийн засагт ээлтэй гэж гаднаас босгосон бондуудаараа гадна, дотно зугаалж, нэгнийгээ шагнаж урамшуулж байсан олон жишээг Хөгжлийн банк болоод Монголбанкинд хийсэн шалгалтуудаас харж болно. Энэ бүх чухам үнэнийг хүлээн зөвшөөрдөг хүн бол Р.Амаржаргал. Тиймдээ ч Засгийн газар хариуцлагагүй ажиллаж, иргэдийн амьдрал туйлдаж байгаад намынхаа өмнөөс хариуцлага үүрэхээр УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдөл хаяглаж байлаа. Гэвч АН шүүмжлэлийг хүлээж авч, ажил хэрэг болгохын оронд Р.Амаржаргалын суудлыг нь хадгалж, эзнийг нь мартагнуулах ажиллагааг л өрнүүлэв. Ийнхүү хашаан дотор “амьгүй” албат болсон тэрбээр “Экспорт 472-оос 281 сая ам.доллар болтол буурав. Нүүрс зэсийн экспортын хэмжээ навс уналаа. Ингэснээр эдгээрээс орох орлого буурах нь ойлгомжтой. Санхүүгийн үзүүлэлтүүд санаа зовоосон хэвээр байна. Валютын нөөц дундарч, бараг сар болгон сөрөг “рекорд” тогтоодог болов. Ядаж байхад Хаан Ресурсын 100 сая-ын торгууль нэмэгдэв. Чанаргүй зээлийн хэмжээ тасралтгүй нэмэгдсээр 5.5 хувь болов. Найдваргүй зээлийн хэмжээ нэгдүгээр сард 317 тэрбум байсан бол 397 тэрбум болон 25 хувиар өссөн байх юм. Бараг нийт зээлийн 3 хувь” гэхчлэн блог хуудсандаа үзэглэж суухаас хэтрээгүй. Эдийн засгийг туйлдуулж, иргэдийн амьжиргааг туйлдуулаад зогсохгүй АН дотроо албан тушаалаа булаалдаж, Засгийн газраа огцруулж, улс төрийг савлуулж, хөрөнгө оруулагчдыг үргээж, Тавантолгойг гацааж, нүүрсийг үнэгүйдүүлсэн. Ийнхүү Монголын эдийн засаг сэхээний тасагт шилжсэнийг эдийн засгийн “эмч” нар оношлов.
Ард түмэн ч туйлдаж, 2016 оны сонгуулиар МАН-ыг парламентад үнэмлэхүй олонхиор нь илгээсэн. Ардын нам Засаг авсан даруйдаа хямралаас гаргах төлөвлөгөө боловсруулж, эрчимтэй ажилласны үр дүнд эдийн засагт бага ч болтугай гэрэл асч, эерэг үзүүлэлтүүд ажиглагдаж эхэлсэн. Валютын нөөц 1.2 тэрбум ам.долларыг давснаар ам.долларын ханш тогтворжих хандлагатай болоод байна. Мөн энэ оны эхний улиралд эдийн засаг 4-5 хувь өссөн нь өмнөх 3-4 жилд байгаагүй амжилт юм.
Гэтэл Төрийн тэргүүний сунгаа эхэлмэгц АН Засаг барьсан дөрвөн жилийнхээ буруутнаар ах намыг нэрлэж, төрийн эрхийг хууль бусаар авсан гэсэн дүгнэлтийг өөрсдөө хийв. Энэ дүгнэлтдээ олон нийтийг итгэхийг шаардаж, сануулахын завсар аяглаж явна. МАН тухайн үед сөрөг хүчнээр ажиллаж АН-ынхныг ажил хийлгэж, ая тухтай идүүлээгүй юм даг уу. Ёстой л эсрэгээрээ хямраасан нь баярлаж, бахдаж, хямралаас гаргах гэж байгаа нь буруудах өнгө аясыг нийгэмд бий болгох зорилт тавих ажиллаж байна гэлтэй. Үнэндээ хямралыг бүгдээрээ даван туулах гэж, АН-ын тавьсан өрийг бүгд дарахаар эрвийх дэрвийхээрээ зүтгэж байхад өр төлбөр тавьж улсаа хямраасан нь шоу хийж, энхийн цагаан тагтаа болж явж байгаа нь харамсалтай.
Гол нь мөрийн хөтөлбөрөөрөө бус хар пиараар өрсөлдөж, олон нийтийг залхаах болсон гурван нэр дэвшигчийн хэн нь юу хийж чадах бол гэдэг нь чухал.
М.Энхболд УИХ-д 65 суудалтай, Засгийн эрхийг барьж байгаа намаас нэр дэвшиж байгаа. Тиймээс түүний “Монгол гэр Монгол төр” хэмээх нийгмийн бүх сегментийг хамарсан мөрийн хөтөлбөр нь хэрэгжих боломжтой. Парламентад үнэмлэхүй олонх болсон намын даргыг дээд суудалд залбал өнөөдрийнх нь хэлж сурталчилж яваа мөрийн хөтөлбөр нь үйл хэрэг болох боломж нээлттэй.
Харин Женко Х.Баттулгын мөрийн хөтөлбөр сайхан зүйлээр дүүрэн, гоё амлалтууд ихтэй байгаад ч хэрэгжилт нь хангагдах найдвар тун бага. Хуурай амлалт болоод өнгөрөх магадлал бийг зарим хүн цухалзуулдаг. Магадгүй түүний хэлснээс гарцаагүй хэрэгжих нь Г.Доржзовот л улсын баатар цол олгох болов уу. 60 тэрбумын наймааг ил болгож, хоёр намын дунд гүйсэн эл эрхэмд энэ цолы гуншин ямар ач холбогдол авчрахыг таашгүй. Харин түүний энэ цол иргэдийн амьдралд наалдаж, эдийн засагт эерэг үр дүн авчирахгүй нь лав.
“Босоо” С.Ганбаатарын тухайд ч мөн ялгаагүй. Уран үгтэй, уяраах увидастай байгаад мөрийн хөтөлбөр нь хэрэгжихгүй. Ерөнхийлөгч болмогцоо шагнал урамшуулал олгоно гэж хэлээгүй ч парламентыг хазаарлаж ажиллахаа тунхагласан. Тиймээс доод шаттайгаа хэл амаа ололцож, ажил хэрэг явуулна гэж итгэхэд бэрх. Магадгүй УИХ-аас гарсан аливаа асуудалд хориг тавьж, хорьж цагдаад эхэлбэл юу болох билээ. Тиймээс л ямар арга замаар 50 сая вон ч, 5000 төгрөг ч бай хандиваар авсан байх нь хамаагүй. Харин мөнгөнийхөө оронд юу хийж, хэрэгжүүлж, биелүүлэх боломжтой вэ гэдэг чухал. Иймээс сонгогч та энэ бүхнийг мэргэн ухаандаа тунгаах буй за.
Эх сурвалж: Д.ДОРЖ