Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны ээлжит хуралдаан болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Он гарсаар Сонгуулийн ерөнхий хороо танхимд болон цахимаар хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссыг Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн саналыг үндэслэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит сонгуулийн санал авах өдрийг үндэслэн Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах өдрийг Төв комиссын саналыг харгалзаж 2021 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд авахаар тогтлоо.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг эцэслэн баталлаа гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.