ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 10-нд тус улсын тэргүүлэх хэвлэлүүдийн ерөнхий редакторуудтай хаалттай уулзалт хийжээ. Уг уулзалтыг “Россия-24” телевиз хоёрдугаар сарын 14-нд хэсэгчлэн үзүүлсэн байна.
Донбассын тухайд
Москва ямар ч тохиолдолд Донбассыг орхихгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. “Бидэнтэй хамт та бүхэн, би та бүхэнтэй хамт гэж хэлье, учир нь та бүхэн дөрөв дэх засаглал тул бид бүгд ОХУ-ын өмнө асар их хариуцлага хүлээх ёстой. Бид аливаа шийдвэр гаргахаасаа өмнө түүнээс гарах үр дагаврынх нь талаар бодох ёстой. Донбассыг бид юу ч болсон орхихгүй” гэж Оросын удирдагч сэтгүүлчдэд хэлэв.
Оросыг тогтоон барих бодлогын талаар
Орос улс хүчирхэгжихийн хэрээр тус улсыг тогтоон барих бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байгааг В.Путин тэмдэглэв. “Энэ нь алгуурхан бага багаар, гэхдээ улам бүр нэмэгдсээр байгаа. Бид улам хүчтэй болох тусам улам хүчтэй хэрэгжиж байна” гэж тэрбээр хэллээ.
Энэ бодлого эдийн засагт ч илэрч байгааг тэрбээр онцлов.
Оросын удирдагчийн үзэж байгаагаар, ЗХУ-ын дараах орон зайд ОХУ-ын нөлөө мөн улам бүр нэмэгдэж байна. Барууныхан үүнд саад хийхийн тулд амбицтай, эрх мэдэлд шунасан хүмүүсийг ашиглана гэж тэрбээр үзэж байна.
ОХУ-ын ололт амжилт тус улсын өрсөлдөгчдийг бухимдуулж эхэлж байгаа гэдэгт Путин итгэлтэй байна. Тэрбээр Оросын эрдэмтэд дэлхий дээр хамгийн түрүүнд улсын бүртгэлд авсан коронавирусний вакцин гарган авсан болохыг онцолжээ.
Интернэт-платформуудын тухайд
ОХУ-ын Ерөнхийлөгч тус улсад буй гадаадын интернэт-платформуудын эсрэг авах арга хэмжээг зөвхөн тэдний зүгээс дайсагнасан үйл ажиллагаа явуулсан бол, мөн тэднийг орлох дотоодын хувилбарууд байгаа тохиолдолд л хэрэгжүүлнэ гэж мэдэгдэв.
Орос улс өөрийн платформуудыг хөгжүүлэх ирээдүй байгааг Путин онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр “Яндекс”-ыг жишээ болгон татжээ.
Нийгэм-эдийн засгийн байдлын талаар
ОХУ-ын Ерөнхийлөгч нийгэм-эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд үүссэн асуудлууд оросуудыг цухалдуулж байгааг ойлгож буйгаа мэдэгдэв. “Мэдээж хэрэг үүнийг Европ болон бусад орон ашиглахыг оролдож байна” гэж тэрбээр онцлон хэлэхдээ цухалдуулах хүчин зүйлсийн нэг нь Алексей Навальный болж байгааг дурдав.
Цар тахал гэх зэрэг объектив шалтгаан байж болох ч иргэд бүх асуудалд эрх баригчдыг буруутгах хандлагатай байдаг гэж тэрбээр нэмж хэлжээ.
Оросын эрх баригчид иргэдийн хэрэгцээг ойлгож, улс орныхоо хөгжлийн хурдыг хурдасгах хэрэгтэй байна гэж Путин мэдэгдсэн байна.
Тэрбээр “эрх баригчид тэвчээртэй байж, хэмнэлтэй ажиллах ёстой” гэж онцлон тэмдэглэжээ.
Коронавирустэй хийж буй тэмцлийн тухайд
ОХУ цар тахалтай тэмцэхэд эрүүл мэнд, үйлдвэрийн салбарыг дайчлах чадварыг Европ, АНУ-аас хамаагүй илүү сайн ашиглаж чадсан гэж Путин онцлон тэмдэглэв. Тэрбээр Европын орнуудын эрүүл мэндийн салбар “зүгээр л нурж унасан” гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Путин хэлсэн үгийнхээ нотолгоо болгон коронавирусний тоон үзүүлэлтийг дурджээ. ОХУ-д 100 мянган хүн тутамд “COVID-19-ийн тохиолдлын тоо 12 хүн байгаа бол “бусад улс оронд 45 хэвээр байна”.
Төрөөс үзүүлэх татаасын тухайд
Дэлхийн зах зээлд үр тарианы үнэ өсөж байгаа үед экспортын хөнгөлөлт үзүүлэх нь зохисгүй гэж Путин мэдэгдэв. Хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн цогцолбор бол Орос улс илт эргэлт хийсэн салбар бөгөөд энэ бүхнийг төрөөс дэмжлэг авсны ачаар хийсэн болохыг тэрбээр цохон тэмдэглэжээ.
Төрийн тэргүүн мөн “газрын тосны салбарт ч мөн ийм зүйл болж байгаа” гэж онцлон тэмдэглэв.
Ижил хүйстнүүдийн гэрлэлт ба түүхэн хөгжлийн тухай
Оросын удирдагч “хүн болгонтой адил үндэстэн бүр өөрийн гэсэн хувь тавилантай байдаг” гэж онцлоод АНУ-ын улстөрчдийн Библи дээр тангараг өргөдөг уламжлал нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжих, мөн америкчуудын “онцгой” үзэл санаатай нийцэхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Гэрлэлт бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нэгдэл гэдгийг Путин сануулаад, Орос Америкийн жишээг дагах хэрэггүй гэж цохон тэмдэглэв.
Орос үндэстэн бол хангалттай залуу үндэстэн бөгөөд, хөгжлийнхөө оргил руу “алхсан” хэвээр байгаа бол түүний “эцэс төгсгөлгүй генетикийн код” нь үндэстэн хоорондын эв нэгдэл дээр суурилдаг” гэж Путин мэдэгдэв. Тэрбээр түүхч Лев Гумилёвын хүсэл тэмүүллийн онолд итгэдэг гэдгээ онцолсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар, Оросын хөгжлийн тулгуур нь эх оронч үзэл, эх орноо хайрлах сэтгэл юм.
Эх сурвалж: TASS.MN