Ковид-19-ийн вакциныг харьцангуй хямд авч иргэддээ хүртээмжтэй нийлүүлэх Монгол Улсын зорилтыг Дэлхийн банк дэмжин 50.7 сая ам.долларын санхүүжилт олгоно.
Тодруулбал, Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл Монгол Улсад “Ковид-19” цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөлд дээрх хэмжээний нэмэлт санхүүжилтийг батлав. Тус санхүүжилт нь цар тахлын эсрэг вакциныг харьцангуй хямд өртгөөр, тэгш хүртээмжтэй нийлүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх юм.
Цар тахлын эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны маш хариуцлагатай бөгөөд эгзэгтэй цаг мөчид уг санхүүжилт батлагдаж байна. Монгол Улс цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, тогтоон барих чиглэлээр шийдэмгий арга хэмжээг 2020 оны эхнээс авч хэрэгжүүлж ирсэн билээ. Халдварын тоо тус улсад харьцангуй бага байгаа ч дотоодын халдвар нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байна. Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг цааш үргэлжлүүлэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх болон вакцин зэрэг нь нэн чухал зорилтууд болоод байгааг Дэлхийн банкны мэдээнд дурджээ.
Өчигдөр батлагдсан нэмэлт санхүүжилт нь хүн амынхаа 60-аас доошгүй хувийг вакцинд хамруулах Засгийн газрын бодлого төлөвлөгөөг дэмжин, коронавирусний эсрэг вакциныг худалдан авах, иргэдийг хамруулах үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Дархлаажуулалт хийх үндэсний нөөц, чадавхыг нэн яаралтай өргөжүүлэх шаардлага үүсэж байгаа тул хүйтэн хэлхээ, вакцины тээвэрлэлт, ложистикийн шийдлийг сайжруулах, үндэсний болон орон нутгийн түвшинд дархлаажуулалтын төлөвлөгөөг оновчтой боловсруулах, олон нийтийн мэдээллийн кампанит ажлыг зохион байгуулах, ажилтнуудыг сургах зэрэг вакциныг хүргэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад цогц дэмжлэг үзүүлнэ.
“Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, Монгол Улсын нийгэм эдийн засгийн сэргэлтийг хурдасгахад найдвартай, үр дүнтэй вакцин чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж Дэлхийн банкны Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Андрей Михнев тэмдэглээд, “Өчигдөр батлагдсан энэхүү нэмэлт санхүүжилт нь хадарын эсрэг вакциныг эрх тэгш нийлүүлэх боломжийг бүрдүүлэхээс гадна эрүүл мэндийн тогтолцоог цаашид улам бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэв.
Олон талуудын хүчин чармайлтаар хэрэгжиж буй ACT-A, COVAX зэрэг хөтөлбөрийн санаачлагчдын нэг Дэлхийн банк нь вакциныг өргөнөөр нэвтрүүлэх, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын чадавхыг дэмжих тал дээр идэвхтэй ажилласаар байгаа ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сантай нягт хамтран ажиллаж байна.
Б.Эрдэнэ