Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт өчигдөр 06.00 цагаас эхлэн 12 хоногийн хугацаанд шилжин ажиллаж буй. Энэ хугацаанд иргэд зорчигчдын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлаж, цар тахлын тархалтын голомтыг хумих, халдвар тээгчийн ойрын болон дам хавьтлыг олж тусгаарлан эмчлэх зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, эхний ээлжинд голомтот бүсийн өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулж байгаа билээ.
БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭЛТ ДУТУУ, ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭХ НЭРИЙДЛЭЭР ХУДАЛ ЯРИХ ТОХИОЛДОЛ ГАРЧ БАЙНА
Бүх нийтийн бэлэн байдлын эхний өдөр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хөл хорионы хязгаарлалтад авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг газар дээр нь шалгаж, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хороодод ажиллав. Энэ үеэр хэв журам сахиулахаар ажиллаж буй төрийн албан хаагчид, түлш борлуулагч, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, хөл хориотой холбоотой тулгарч буй асуудлуудыг тодруулсан юм.
Тус дүүргүүдэд ажиллаж буй албан хаагчид, зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилтан, албан хаагчид болон эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ яаралтай авах гэж буй хүмүүсийн бичиг баримтыг үндэслэн хувийн автомашинтайгаар зорчуулж байна. Гэвч зарим иргэд тавьсан шаардлага биелүүлэхгүй, тухайн ажилладаг байгууллагынхаа тодорхойлолтгүй, бичиг баримт бүрдүүлэлт дутуу, эмнэлэгт үзүүлэх нэрийдлээр худал ярих тохиолдол гарч байгаа учраас зайлшгүй бичиг баримтыг нь шалгаж байгаа талаар хэллээ.
Шадар сайд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг авах шаардлагатай болон ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолттой, зөвшөөрсөн 14 байгууллагын албан хаагчид, ажилчдыг хувийн машинаар зорчиход саад учруулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад сануулсан юм.
АЛБАН ХААГЧДАД ҮЙЛЧИЛЖ БУЙ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеийн нөхцөл байдлыг шалгаж дуусаад тэрбээр албан өрөөндөө УОК-ын Шуурхай штабын ажлын хэсгийг хуралдуулав. Иргэдээс гаргасан гомдол, санал дайчилгаанд хамрагдан ажиллаж буй төрийн албан хаагчдад тулгарсан асуудлыг шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд өглөө. Мөн байгууллага хоорондын ажлын уялдааг сайжруулж, УОК-оос гаргасан бодлого шийдвэрийг шат шатны байгууллагууд шуурхай хэрэгжүүлж ажиллахыг онцлоод дараах үүргийг өглөө. Үүнд:
-Бүх нийтийн бэлэн байдал, хөл хорионы үед үйл ажиллагааг нь зөвшөөрсөн байгууллагаас тогтоосон квотын хүрээнд автомашинаар зорчих шаардлагатай ажилтан, албан хаагчдын бичиг баримтыг үндэслэн саадгүй зорчуулах,
-Яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх,
-Дайчилгаанд ажиллаж буй төрийн албан хаагчдын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх,
-Ажил үүргээ гүйцэтгэж буй албан хаагчдад үйлчилж буй нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл өгөв. Цаашид хариуцсан ажилдаа эзэн байж шуурхай ажиллах, өмнөх алдааг давтахгүй байхыг анхаарууллаа.
Эх сурвалж: ШАДАР САЙДЫН АЖЛЫН АЛБА