ДЭМБ-ын шинжээчид Хятадад коронавирус албан ёсоор тархсан гэх 2019 оны арванхоёрдугаар сараас ч өмнө дэгдсэн байх магадлалтай талаар мэдээлэв.
2019 оны аравдугаар сард 90 орчим хүн Хятадын төв хэсэгт Ковид-19-тэй төстэй шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтжээ. Хятадын засаг захиргаанаас тэднээс эсрэг биетийн шинжилгээ авахад өвчтөнүүдийн 2/3-т нь коронавирусийн халдварын ул мөр илрээгүй аж.
Энэ хугацаанд эсрэг биеийн агууламж өвчин туссан гэдгийг илрүүлэх боломжгүй болтол унасан байж болзошгүй гэж ДЭМБ-ын шинжээчид үзэж байна. Тиймээс цаашид энэ судалгааг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Ингээд шинжээчид Хятадын засаг захиргааг 2019 оны намар Хубэй мужаас цуглуулсан цусны дээжид өргөжүүлсэн шинжилгээ хийж, хэзээнээс коронавирус дамжиж эхэлснийг тогтоохыг уриалжээ.
ДЭМБ-ын шинжээчид нэгдүгээр сарын 14-нд Хятадын Ухань хотод ирсэн юм. Тэд БНХАУ-д хэрэгжиж байгаа журмын дагуу 14 хоногийн тусгаарлалтад байж байгаад нэгдүгээр сарын 31-нд Ковид-19 цар тахлын эх үүсвэрийг тогтоох судалгаандаа орсон байна.