ХХААХҮ-ийн сайдын энэ оны А-11 дүгээр тушаалын дагуу нийт 1643 малчин, 16 эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгч аж ахуйн нэгжид 766 744 500 төгрөгийн мөнгөн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан шилжүүллээ.
Ингэхдээ сүү боловсруулах 8 үйлдвэр, цехэд өнгөрсөн оны 12 дугаар сард 1,533,489 литр түүхий сүүг мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээтэй, татварын цахим төлбөрийн баримт үүсгэн баталгаажуулжээ.
Засгийн газрын тогтоолоор баталсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу сүүний урамшуулал олгодог.
Сүү бэлтгэн нийлүүлж буй малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид нь Засгийн газраас баталсан журамд заасан дараах зүйлсийг анхаарах шаардлагатай байгааг ХХААХҮЯ мэдээлжээ.
Үүнд:
1. Нийлүүлж буй сүү нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэнийг нотлох мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг заавал авсан байна.
2. Сүүний үйлдвэрт сүү нийлүүлэх тухай бүр малчны иргэний үнэмлэхний QR код уншуулж татварын цахим төлбөрийн баримт буюу и-баримт үүсгэх, худалдан авсан тал /үйлдвэр/, борлуулсан тал /малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч/ тал баримтыг ажлын 3 хоногийн дотор баталгаажуулсан байх аж.
Эх сурвалж : ХХААХҮ