Европын Холбооны санхүүжилттэй Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын хэрэгжүүлж буй “Хамтдаа даван туулъя” төслийн хүрээнд ЭМЯ-нд “Ковид-19” цар тахлын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн эмнэлгийн 370 тоноглосон ор хандивлалаа.
Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд Сайд М.Баттүвшин, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчид сайд Траян Христеа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Үндэсний захиррал Б.Болорцэцэг нар оролцсон юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин хэлэхдээ, “Монгол Улсын хэмжээнд коронавирусний халдварын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үед, Европын Холбооны санхүүжилттэй төслийн хүрээнд хүндэрсэн өвчтөнд шаардлагатай эмчилгээний ор хандивлан тусламж үзүүлж байгаад талархлаа илэрхийлье.
“Хамтдаа даван туулъя” төслийн хүрээнд Эрүүл мэндийн ажилтнуудыг хариу арга хэмжээний ур чадварт сургах, эмзэг бүлгийн иргэдэд туслах, вакцин нийлүүлэх үйл ажиллагаанд хамтран ажиллаж байгаад, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, нийт ард түмний нэрийн өмнөөс дахин талархаж байгаагаа илэрхийлж байна. Бид үүнийг энэ цаг үеийн хамгийн чухал тусламж гэж харж байна. Бид хэрэгцээтэй газар нь хуваарилж, үр дүнтэй зарцуулах болно” хэмээсэн юм.
Коронавирусний цар тахлын үеийн хариу арга хэмжээний үеэр Европын Холбоо Монгол Улсыг дэмжихээ илэрхийлэн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчид сайд Траян Христеа, “Европын Холбооноос Монгол Улсад үзүүлж буй тусламжийн хүрээнд “COVID-19” -өөр өвчилсөн хүмүүсийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглах 315.000 евро буюу 1 тэрбум 74 сая төгрөгийн өртөгтэй 370 тоноглосон эмнэлгийн орыг хүлээлгэн өгч байна.
“COVID 19”-ийн дотоодын халдварын тохиолдол нэмэгдэж эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн хэрэгцээ шаардлага улам бий болж буй энэ үед уг тусламжийг үзүүлж байгаадаа бид баяртай байна. Түүнчлэн, Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын томоохон санхүүжилтээр хэрэгжүүлж буй Ковакс хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс Астра Зенека (Astra Zeneca)-ын 163.200 тун, Файзер (Pfizer)-ын 25.740 тун вакциныг тус тус хүлээн авна” гэж онцлов.
Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг, “Дэлхийн зөн Олон Улсын байгууллага Монгол Улсад 25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Зорилтот бүлгийн хүүхдүүд, тэдний гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, олон улсын төрийн бус байгууллага. ЭМЯ, ДЭМБ, Европын холбоонд хүсэлт тавьж, Дэлхийн зөн Олон Улсын байгууллагыг хэрэгжүүлэгчээр оролцохыг урьж, уг төслийг хэрэгжүүлэхээр болсон.
Энэ бол бидэнд үзүүлсэн итгэл найдвар гэж үзэж байна. Төслийн томоохон ажил нь эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй байлгахаар европ стандартын 370 ширхэг эмнэлгийн орыг ханган нийлүүлэх юм. Үлдсэн хугацаандаа зорилтот бүлгийн өрхүүдэд коронавирусний үеийн сөрөг нөлөөллийг даван туулах, тэдний амьжиргааг дэмжих, орон нутгийн түвшинд хамтран ажиллах, иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах журмаар иргэдийн амьжиргааг дэмжих үйл ажиллагаа явуулна” гэв.
Европын Холбооны санхүүжилттэй Дэлхийн Зөн ОУБ-ын хэрэгжүүлж буй “Хамтдаа даван туулъя” төслийг 2021 оны эхээр хэрэгжүүлж эхэлсэн. Тус төслийн үндсэн зорилго нь “COVID-19”-ийн сөрөг нөлөөлөлд өртсөн эмзэг өрхүүдэд нэн яаралтай хүнс тэжээл, эрүүл мэнд, ус эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тэдний амьжиргааг дэмжих бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудыг цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай багаж хэрэгслээр хангаж эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.
Эрүүл мэндийн яам