ДЭМБ-ын шинжээчид коронавирусийн цар тахал эхэлсэн Хятадын Ухань хотод хийсэн томилолтынхоо эхний шатны дүнг гаргалаа. SARS-CoV-2 вирусийн гарал үүслийг тогтоох зорилготойгоор тэд нэгдүгээр сарын 14-нд энэ хотод ирсэн юм. Шинжээчид хоёр долоо хоногийн хугацаанд тусгаарлалтад байх хугацаандаа Хятадын шинжээчидтэй онлайнаар харилцаж байлаа.
Ингээд Ухань хотын хэд хэдэн объектод очсоны дотор 2019 оны арванхоёрдугаар сард SARS-CoV-2 –ын эхний тохиолдлууд илэрсэн, вирусийн эх үүсвэрт тооцогдож байсан далайн хүнсний Хуанань зах, түүнчлэн халдвар судлалын хэд хэдэн эмнэлэг, Ухань хотын вирус судлалын хүрээлэнд ажиллажээ.
“Бидэнд өмнө нь байсан төсөөлөл эрс өөрчлөгдсөн гэж үү? Тэгж бодохгүй байна” хэмээн ДЭМБ-ын шинжээчдийн багийн ахлах, Хүнсний аюулгүй байдал, зоонозын халдварын мэргэжилтэн Питер Бен Эмбарек мэдэгджээ.
Түүний хэлснээр COVID-19 2019 оны арванхоёрдугаар сард Уханиас тархаж эхэлсэн гэсэн хувилбарыг мэргэжилтнүүд баталсан аж. Харин хотод болон хотоос гадуур халдвар өмнө нь дэгдсэн гэх нотолгоо олж чадаагүй гэсэн байна. Хуанань захшинэ өвчний эхний эх үүсвэр байгаагүй.
Уханьд ковидын эхний тохиолдол 2019 оны арванхоёрдугаар сарын 8-нд бүртгэгдсэн бол захтай холбоотой эхний тохиолдол зөвхөн арванхоёрдугаар сарын 12-нд илэрсэн гэжээ. Өөрөөр хэлбэл Хуанань зах вирус тархах газруудын нэг л болсон. Хото түүнчлэн энэ захтай холбоогүй хүмүүс ч өвчилсөн гэжээ.
Түүнчлэн баримт нотолгооноос харахад SARS-CoV-2 нь байгалийн гаралтай болохыг харуулж байна гэж Эмбарек тэмдэглэжээ. Түүний хэлснээр энэ болон түүнтэй төстэй вирусуудын байгалийн эх үүсвэр нь сарьсан багваахай юм байна. Гэхдээ Уханьд хүнд шууд вирус дамжуулах сарьсан багваахайн том популяци байхгүй. Тиймээс завсрын дамжуулач нь өөр амьтан байх магадлалтай гэсэн хувилбарыг эрдэмтэд гаргажээ. Одоогоор ямар амьтан болох нь тодорхойгүй.
Вирус судлаач Марион Купмансын тэмдэглэснээр Хуанань захад коронавируст мэдрэг байх магадлалтай молтогчин туулай, өмхий хүрэн, дорго, хулсны харх зэрэг амьтад зардаг байсан гэнэ. Үүний зэрэгцээ ДЭМБ-ын шинжээчид SARS-CoV-2-ыг хөлдөөсөн бүтээгдэхүүний гадаргуунаас тархсан байж болзошгүй гэх өөр хувилбаруудыг ч гаргаж ирж байна.
Үүний зэрэгцээ ДЭМБ-ын багийнхан SARS-CoV-2-ыг лабораторийн гаралтай гэх хувилбарыг “магадлал маш бага” гэж үнэлжээ. “Энэ болон үүнтэй холбоотой бусад вирусийг дэлхийн аль нэг лабораторид судалж байсан гэх мэдээлэл байхгүй.
Үүнээс гадна бид Уханийн вирус судлалын хүрээлэнгийн лабораторийг судалсан. Гэтэл энэ газраас вирус дэгдсэн байх магадлал маш бага байсан” хэмээн Эмбарек мэдэгджээ. Коронавирусийг Хятадад бүтээсэн, дараа нь санаатай, эсвэл санамсаргүйгээр дэлхий даяар тараасан гэх яриа цар тахал эхэлсэн цагаас эхлэн хөвөрсөн.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп ч энэ вирусийг Уханийн вирус судлалын хүрээлэнд боловсруулсан гэх нотолгоо байгаа гээд, ковидод “кунг-флю” гэдэг нэр өгөхийг хүртэл санал болгож байсан билээ. Харин Хятад ДЭМБ-ын адил эхнээсээ SARS-CoV-2-ыг лабораторийн гаралтай гэх таамаглалыг няцааж байсан юм.
Энд нэг зүйлийг тэмдэглэхэд Хятад өмнө нь коронавирусийн гарал үүслийг судлахад ДЭМБ-тай хамтран ажиллах сонирхолгүй байсан юм. 2020 оны тавдугаар сард Хятад дахь ДЭМБ-ын төлөөлөгч Годен Галеа тус улсын засаг захиргаа энэ асуудлыг судалж эхэлсэн ч ДЭМБ-ыг судалгаандаа урихгүй байна гэж мэдэгдсэн юм.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Associated Press агентлагт Хятад SARS-CoV-2-ын гарал үүслийн судалгаагаа хатуу хяналтад байлгаж, сарьсан багваахайн идээшдэг газруудад хүмүүсийг оруулахгүй байна гэж бичиж байжээ.
БНХАУ-ын засаг захиргаа ингэж нууцлах болсон нь АНУ-ын зүгээс Хятадыг цар тахалд буруутгаж, вирусийн үүсэл гаралтай холбоотой асуудлыг улстөржүүлж байгаатай холбоотой гэж байв. Үүний хариуд БНХАУ вирусийг америкчууд улс оронд нь авчирсан байх магадлалтай гэж хүртэл мэдэгдсэн аж.