Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх-ыг хүлээн авч уулзав.
Талууд уулзалтаар хоёр улсын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, цар тахлын үеэрх хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр ярилцав. Тухайлбал, Энэтхэг Улсын Засгийн газраас манай улсад олгохоор шийдвэрлээд буй КОВИД-19-ийн эсрэг вакциныг ойрын үед татаж авахаар тохиролцов.
Мөн Энэтхэг Улсын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Монгол Улсаас Энэтхэг Улсад коксжих нүүрс экспортлох чиглэлд эхлүүлсэн яриа хэлэлцээг идэвхжүүлэхээр болов.
Түүнчлэн талууд А.Б.Важпайн нэрэмжит аутсорсингийн төвийг Улаанбаатар хотноо байгуулах, Монгол, Энэтхэгийн найрамдалт дунд сургууль, Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах зэрэг хоёр улсын хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн явц байдлын талаар ярилцав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Энэтхэг хоёр улс олон улсын тавцанд бие биенээ идэвхтэй дэмжиж ирснийг онцолж, Стратегийн түнш Энэтхэг Улстай цаашид ч олон улсын байгууллага, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Гадаад харилцааны яам