Монгол Улсын экспорт 2020 оны эхний 12 сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеийнхээс нэг хувиар буюу 43 сая ам.доллараар буурав.
Үүнд мал аж ахуй, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт багассан нь нөлөөлөв. Уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 нэгж хувиар ихэссэн бол мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын эзлэх хувь 2 хувиар багассан үзүүлэлттэй байна.
2020 оны эхний 12 сарын гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үеийнхээс нийт 43 сая ам.доллараар багассаныг тодруулбал уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 637 сая ам.доллараар өсөж, үнийн өөрчлөлтөөс болж 348 сая ам.доллараар багасжээ.
Мал аж ахуйн бүтээгдэхүүний экспорт биет хэмжээнээс шалтгаалж 41 сая, үнийн өөрчлөлтөөс болж 147 сая ам.доллараар буурав.
Дэлхийн зах зээл дээрх нэг унц алтны дундаж үнэ өнгөрсөн оны 12 дугаар сард 1 860 ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 25 хувиар өссөн бол өмнөх сарынхаас 0,3 хувиар багассаныг Монголбанк мэдээллээ.
“А” зэрэглэлийн цэвэршүүлсэн зэсийн үнэ тайлант сард 7 772 ам.долларт хүрч, өмнөх оныхоос 28 хувиар, өмнөх сарынхаас 10 хувиар өслөө. Төмрийн хүдрийн дундаж үнэ 155 ам.долларт хүрч, өмнөх оныхоос 68, өмнөх сарынхаас 25 хувиар өсөв. Чулуун нүүрсний экспортын хилийн үнэ 12 дугаар сард 76 ам.долларт хүрч, өмнөх оныхоос 2 хувиар буурсан бол өмнөх сарынхаас 4 хувиар өссөн байна.
Б.Эрдэнэ