Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Коронавирус цар тахлын үед хүнс, зайлшгүй хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний тусламж, дэмжлэгийг зорилтод бүлгийн өрхөд хүргэх ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн ОУБ, ТББ, ААН, иргэдтэй хамтран зохион байгуулж байгаа.
Энэ хүрээнд ТИКА-ийн Улаанбаатар дахь Суурин төлөөлөгчийн газраас 2000 өрхөд 10 нэр төрлийн бүтээгдэхүүний багцыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүлээлгэн өгөв.
Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, ХНХЯ-ны харьяа байгууллагын удирдлагууд болон ТИКА-ийн Суурин төлөөлөгч У.Эмрах, Орлогч дарга Г.Сибэл нар оролцлоо.
Дээрх багцыг Нийслэлийн Нийгмийн халамжийн газраар дамжуулан тухайн дүүргийн Онцгой комисстой хамтарч зорилтод өрхөд хүргэх ажлыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор зохион байгуулна.