Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнтэй эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор /Ph.D/ Д.Золбоо нар хамтран ажиллах Санамж бичгийн хугацаагаа сунгаж өнөөдөр гарын үсэг зурав.
Хамтран ажиллах санамж бичгийг 2019 онд байгуулж, талууд хариуцсан чиг үүргийн чиглэлээр харилцан мэргэжил, арга зүйн зөвлөгөө туслалцаа, дэмжлэг үзүүлж эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах харилцааг зохицуулахад оршиж байсан.
Энэ хүрээнд Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа архивын баримтаас судалгааны эргэлтэд оруулж, Академич Чулууны Далайн мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан түүний амьдрал үйлс, эрдэм судлалын 9 боть цогц бүтээлийн эмхэтгэл хэвлэн нийтлүүлсэн дээжээс гардуулав.
Мөн Академич Чулууны Далайн хувийн хөмрөг үүсгэж Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Шинжлэх ухааны академи