Сургалтын төлбөрийн зээл олголтын өнөөгийн байдал, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судалж, зээлд хамрагдах оюутны хамрах хүрээг өргөжүүлэх, зээлийн зарим нөхцөл, шаардлагыг хөнгөлөх, зээлийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор Засгийн газар “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчлэн баталлаа.
Ингэснээр “Оюутны хөгжлийн зээл”-д бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид хамрагдах боломж бүрдэж байна. Мөн хүү бууруулах болон богино хугацааны зээлийг дээрх бүх түвшний суралцагч авах эрхтэй бөгөөд урт хугацааны зээлийг зөвхөн бакалаврын түвшнийхэн авах юм. Оюутны хөнгөлөлтийн зээлийг 38115 оюутан, суралцагч шинээр авна гэсэн тооцоо гарсан байна. Түүнчлэн 18 нас хүрээгүй оюутны батлан даагч нь үндсэн зээлдэгч байж болох өөрчлөлт оруулснаар 6000 оюутан зээл авах эрхтэй боллоо.
Оршин суух харьяалал харгалзахгүйгээр зээл олгох болсноор орон нутгаас ирж суралцаж байгаа 87625 оюутан зээл авахын тулд заавал орон нутаг руугаа явах, эсвэл эцэг, эх, зээлийн баталгаа гаргасан хамтран зээлдэгч нь Улаанбаатар хотод ирэх шаардлагагүй болж байна. Зээлийн баталгааг малчин эцэг, эх гаргасан тохиолдолд зээлийг сар бүрээр хүү тооцож төлөх нөхцөлийг хөнгөрүүлж, малчны зээлийн эргэн төлөлтийн нөхцөлтэй ижил байх гэж нэмж тусгажээ.
Оюутан, суралцагч зээл авахын тулд долоон төрлийн бичиг, баримт бүрдүүлж, нотариатаар баталгаажуулж байсныг цуцаллаа. Энэ мэдээллийг цахим хэлбэрээр банк бүр шалгаж байх боломжийг бүрдүүлснээр зээл авагч 3-7 хоног хэмнэх юм. Цаашид оюутны хөгжлийн зээлийг барьцаа хөрөнгөгүйгээр олгоход үүсэх эргэн төлөлтийн эрсдэлийг шийдвэрлэх банк, санхүүгийн механизм бий болгох, эргэн төлөлт, хуримтлалын хөрөнгөөрөө төсөвт ачаалалгүй, бие даан хөгжих сангийн талаар судалж, ирэх 11 дүгээр сард танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов. Засгийн газрын 2016 оны 111 дүгээр тогтоолоор журмыг нь баталж 12 дугаар сарын 25-ны өдрөөс сургалтын төлбөрийн зээл болох оюутны хөгжлийн зээл олгож эхэлсэн. Одоогийн байдлаар 1002 оюутан 1,6 тэрбум орчим төгрөгийн зээл аваад байна.
Журамд өөрчлөлт оруулснаар энэ оны төсвөөс нэмэлт хөрөнгө гарахгүй. Энэ жил 82,7 тэрбум төгрөгийг оюутны хөгжлийн зээлд зарцуулах бөгөөд 41 мянган оюутан төлбөрийн ямар нэг дарамтгүй суралцах боломжтой юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.