Д.Сумъяабазар: Бидний хэрэгжүүлэх гэж байгаа энэ арга хэмжээ цар тахлыг хумьж авах сүүлийн боломж юм 

2021-02-07 09:571min0
146573526_1381691448838894_7048852857539128361_n_20210206081905

Нийслэлд энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоохтой холбоотой Улсын онцгой комиссоос гаргасан төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссыг хуралдуулж, үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үед нийслэлийн хэмжээнд хийх тандалт, илрүүлгийн шинжилгээг хэрхэн зохион байгуулах, хатуу хөл хорионы хугацаанд дэг журмыг яаж мөрдүүлэх, зохион байгуулалт, хангалт, үйлчилгээг ямар журмаар хийх талаар Нийслэлийн онцгой комиссын гишүүдэд танилцуулсан юм.

Мөн энэ хугацаанд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,  шийдвэрийг талаарх мэдээллийг иргэдэд ойлгомжтой, түргэн шуурхай өгч, нийслэлчүүддээ зөвлөн тусалж ажиллахыг үүрэг болголоо.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Бизнесүүдээ урт хугацаанд хааж, элгээр нь хэвтүүлж хэрхэвч болохгүй. Боловсролын салбар бас давхар цохилт авч байна.

Манайд танхимын сургалтыг хааснаас болж хохирох бүтэн нэг үе бий болох гээд байна. Тиймээс 12 хоногийн хугацаанд бүх боломжоо дайчилж, хамтын хүчээр энэ тахлыг таслан зогсооё. Бидний хэрэгжүүлэх гэж байгаа энэ арга хэмжээ цар тахлыг хумьж авах сүүлийн боломж юм” хэмээв.

Мөн Нийслэлийн Засаг дарга дүүрэг, байгууллага бүхэн эрсдэлийн хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй