УОК-ын дарга С.Амарсайхан Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллалаа.
Энэ үеэр тэрбээр штабын дарга болон ажилтнуудад дараах үүргийг өгч, шийдвэрлэх ёстой асуудлуудыг тодотгов.
УОК-ын дарга С.Амарсайхан “Шуурхай штабын ажилтнуудыг хоёр ээлжтэй болго. Мэдээллийн технологийн чиглэлийн ажилтан ав. Мэдээллийн нэгдсэн урсгалтай байхыг шаардаж байна. Албан ёсны мэдээллийг хаанаас авах вэ гэдэг эх үүсвэр тодорхой байх ёстой. Албан ёсны тушаал шийдвэр бүх мэдээлэл zasag.mn дээр байршдаг болно.
Зааварчилгаа гарын авлагыг нэг сувгаар товч тодорхой хүртээмжтэй байдлаар нийгмийн хэмжээнд тараах хэрэгтэй.
Байр орцоор нь сэжигтэй тохиолдол илэрлээ гээд хаачихдаг. Хэд хонож шинжилгээний хариу гарах ямар арга хэмжээ авах гээд байгаа нь тодорхойгүй байна. Хөл хорионд орсон үед эм тарианы асуудлыг яах юм ахуйн орчин халдваргүйтгэлийг ямар давтамжаар ямар бодисоор хийх юм бэ. Энэ асуудлуудыг ойлгомжтой болгох хэрэгтэй.
Түргэвчилсэн оношлуураар иргэдийн хариу эерэг гарвал яах юм бэ. PCR шинжилгээ өгөөд эерэг гарвал яаж хурдан хугацаанд тусгаарлах юм гээд тодорхойгүй асуудал байсаар байна.
Өөрсдөө асуудлыг зохицуулж байж заримдаа яаж ажиллахаа мэдэхээ болчихсон алба хаагчид хотоор дүүрэн байна. Жишээ нь оршуулгын үйл ажиллагааг яаж зохион байгуулах талаар ч гэсэн жижигхэн гарын авлага гаргаж болно.
Хөл хорио тогтоох үеийн журам хангалтгүй тодорхойгүй байна. Та бүхэн санаа гаргаж нарийн төлөвлөлт гаргах хэрэгтэй. Тусгаарлагдсан алба хаагчдын ар гэрт тавих анхаарал халамжийн асуудал мөн тавигдах ёстой. Өөрийн анхаарал сэрэмжгүйгээс халдварт өртсөн бол гарах зардлыг төлүүлэх талаар асуудлыг тодорхой болгох нь чухал.
Эмзэг бүлгийн хүмүүсийг яах вэ. Хорих ангид хоригдож байгаа иргэдийн дунд дэглэм зөрчигдвөл тэнд мөрдөгдөх ямар дүрэм журам байх ёстой юм бэ. Хорих ангид нь байлгаад байх юм уу эсвэл оргоод зугтаад гарах боломжгүй байрлалд шилжүүлэх үү.
Эрүүл мэндийн бусад төрлийн үйлчилгээ энэ цаг үед орхигдож болохгүй. Хэний ч эрх ашгийг зөрчихгүйгээр хүн болгон аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажилламаар байна. Одоо яриад баймааргүй байна. Бүх шатны хүмүүсийн ажлаа хийхгүй байна гэж хэлж байгаа юм биш” гэлээ.