Гадаад харилцааны яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын дарга бөгөөд Шадар сайд С.Амарсайханы шийдвэрээр БНСУ-ын Сөүл хот руу 2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр тусгай үүргийн нэмэлт нэг удаагийн нислэг хийхээр шийдвэрлэлээ.
Уг нислэгээр зөвхөн БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 250 гаруй иргэнийг татан авах бөгөөд ингэснээр хоёрдугаар сард нийт 5 удаагийн нислэгээр гадаадаас 1,070 орчим иргэнийг эх оронд нь ирүүлнэ.
ГХЯ-наас цаашид тусгай үүргийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, тогтмол нислэгийн хуваарийг сар, улирлаар гаргах төлөвлөгөөний төслийг боловсруулж байгаа юм.
2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст нийт 4,932 иргэн эх орон руугаа буцахаар өргөдөл гаргасан байна. Эдгээр иргэний
- 51 буюу 1.0 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,
- 365 буюу 7.3 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,
- 58 буюу 1.2 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,
- 88 буюу 1.8 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,
- 6 буюу 0.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,
- үлдсэн 4,364 буюу 88.5 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам