«Токио-2020»-гийн зохион байгуулалтын хорооны тэргүүн, Японы ерөнхий сайд асан Ёширо Мори спортын хороо, холбоодын эмэгтэйчүүдэд хандаж хэлсэн үгнээсээ болоод уучлалт гуйлаа. “Миний хэлсэн үг үнэхээр зохисгүй бөгөөд би уучлалт хүсэж байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.
Мори зохион байгуулалтын хорооны үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байгаа ч байгууллагаас шаардлагатай гэж үзвэл ажлаа өгөхийг үгүйсгээгүй аж.
2020 Олимпийн наадмын зохион байгууллагын хуралдааны үеэр спортын хороод, холбоодод эмэгтэйчүүд нэмэгдэх нь хуралдаан сунжруулахад хүргэнэ. Учир нь эмэгтэйчүүд удаан үг хэлж, бүгд л үгээ хэлэх хэрэгтэй гэж үздэг хэмээн Мори шүүмжилжээ.
“Эмэгтэйчүүд өрсөлдөөний хүчирхэг мэдрэмжтэй. Хэрвээ хэн нэгэн гараа өргөж байвал бусад нь мөн л үгээ хэлэх ёстой гэж боддог. Тиймээс тэд их ярьдаг” хэмээн Мори хэлснийг The New York Times-т дамжуулжээ. Үүнд тэрбээр Японы регбигийн холбооны жишээг татсан байна. Энэ хуралдаанд эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэнээс болоод төлөвлөснөөс хоёр дахин удаан хугацаанд үргэлжилсэн юм.