Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзжээ.
ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Шадар сайдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссийн ахлагчаар Шадар сайд үргэлжлүүлэн ажиллах болсонд өндөр ач холбогдол өгч байгааг дуулгав. Тэрбээр 2020 онд болох байсан Засгийн газар хоорондын 23 дугаар комиссын хурлыг ойрын хугацаанд цахимаар зохион байгуулах саналтай байгаагаа дуулгав.
Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын УОК-оос шуурхай арга хэмжээ авч Алтанбулаг боомтын үйл ажиллагааг түр журмын хүрээнд тогтворжуулах, Covid-19-ийн эсрэг “Спутник V” вакциныг цаашид Монгол Улсын зорилтот бүлгүүдэд болон нийт хүн амд нийлүүлэх асуудлаар цаашид үргэлжлүүлэн ажил хэргийн хэлэлцээ хийнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов хэлжээ.
Л.Баяр