Монголын судлаачид ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улсын “Сайлюгем” дархан цаазат газрын эрдэмтэд хамтран улаан номд орсон цоохор ирвэсийн тоо толгойг тогтоох, хил дамнан нутагладаг эсэхийг судлах зорилгоор Сийлхэмийн нурууны хоёр талд камер суурилуулахаар болжээ.
Сийлхэмийн нурууны эсрэг талд Монголын “Сийлхэм” байгалийн цогцолбор газар байдаг. Бид тэдэнтэй аргаль судлах чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд аргалийн сүрэг Алтайгаас Монгол руу Монголоос буцаад Алтай руу нүүдэллэдэг болохыг тогтоосон. Харин ирвэсийн талаар ийм судалгаа хийгдээгүй” гэж “Сайлюгем” дархан цаазат газрын дарга Денис Маликов ярьсан байна.
Эрдэмтэд ийм судалгааг эртнээс хийхээр төлөвлөж байсан боловч Оросын Газарзүйн Нийгэмлэгээс буцалтгүй тусламж авсны дараа л хэрэгжүүлэх боломжтой болжээ. “Энэ нь бидэнд Алтайд байдаг цоохор ирвэсүүд хил дамнан нутагладаг эсэх, манай ирвэсүүд Монгол руу явж байгаа эсэхийг тогтоох боломжийг олгоно.
Үүнийг судлахын тулд Орос, Монголын аль аль талд автомат камер суурилуулах шаардлагатай. Бид худалдаж авсан камерынхаа заримыг Монгол руу явуулна. Тэнд 50 камер суурилуулна. Харин бид 30 камер өөрийн талд тавихад хангалттай” гэж Маликов хэлсэн байна.
Оросын тал камеруудыг хоёрдугаар сард, харин Монголын тал гуравдугаар сараас суурилуулахаар болжээ. Дөрөвдүгээр сард эрдэмтэд камеруудын мэдээллийг шалгаж, цоохор ирвэсүүд зэргэлдээх нутаг руу нүүдэллэж байгаа эсэхийг олж мэдэх аж.
“Алтайн ирвэсүүд хил дамнан нутагладаггүй гэдэг нь тогтоогдсон ч энэ нь шинжлэх ухааны чухал мэдээлэл болно. Үүнээс гадна, бид энэ камеруудын тусламжтайгаар аргалийн тоо толгойг тогтооно, янгир, чоно, мануулын талаар мэдээлэлтэй болно” гэж “Сайлюгем” дархан цаазат газрын дарга ярилаа.
Түүний хэлснээр, Сийлхэмийн нурууны Оросын талд долоон ирвэс байгаа бол Монголын талд огт судалгаа хийгдээгүй байна. Тиймээс хамтарсан төслийг хэрэгжүүлснээр энэхүү нэн ховордсон махчин амьтдын тоо толгойг нарийвчлан тогтоох, хамгаалах урт хугацааны төлөвлөгөө боловсруулах боломжтой болох юм. Судлаачдын тогтоосноор Монгол оронд 700-1500 орчим цоохор ирвэс байдаг бол Орост 90 хүрдэггүй байна. Хамтарсан судалгааг Оросын Газарзүйн Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Алтай Улсад 2020 оноос хойш хэрэгжүүлж буй цоохор ирвэсийн амьдрах орчныг судлах буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлнэ.
Эх сурвалж : Өдрийн сонин