Баяртай, сэр Том Мур! Их Британид Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин 100 насандаа коронавирусээс болоод таалал төгслөө. Ахмад Мур сүүлийн нэг жилийн амьдралаа үнэхээр гайхалтай өнгөрөөсөн юм. Тэрбээр эмч нарт 33 сая фунт стерлингийн тусламж үзүүлээд зогсохгүй дуу бичүүлэн хөгжмийн чартуудад тэргүүлж, жинхэнэ хөлөг баатар цол хүртсэн юм.

Дэлхийн хамгийн өндөр настай хандивлагч болсон тэрээр 101 насандаа таалал төгсжээ. Тэрээр цэргийн гавьяаны олон хүндэт медаль хүртсэнээс гадна энгийн цагт гаргасан гарамгай үйл хэргийнх нь төлөө хатан хаан түүнд хөлөг баатар цол хайрлажээ.

Олон хүнийг COVID-19-өөс хамгаалахад оролцсон энэ хүний талаах Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнөөдөр мэдэгдэл хийжээ.

“Ахмад сэр Том Мур нь шууд утгаараа баатар байсан юм. Дэлхийн хоёрдугаар дайны бүүдгэр өдрүүдэд тэрээр эрх чөлөөний төлөө тэмцэж явсан. Дайны дараах улс оронд үүссэн гүн хямралын үеэр ч тэд бид бүгдийг нэгтгэж, дэмжиж чадсан. Тэр хүний зүрх сэтгэлийн гүнийг уудалж чадсан. 100 насандаа 32 сая гаруй фунт стерлингийн Төрийн эрүүл мэндийн албандаа цуглуулж чадсан гэдэг гайхалтай үйл хэрэг мөн” хэмээн Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хэлжээ.

Ийнхүү зуун настай ахмад дэлхийн хамгийн өгөөмөр хүн гэдгээрээ түүхэнд үлдлээ. Өнгөрсөн оны зун тэрээр хатан хааны гараас рыцарь буюу хөлөг баатар цол хүртсэн юм. Түүний цуглуулсан мөнгийг цар тахалтай тэмцэж буй эмч, өвчтөнүүдэд зориулсан юм.

“Би эмч нарт талархаж явдаг. Тэд намайг хорт хавдраас, аарцагны хугарлаас эмчилж чадсан. Эмнэлэгт очих тоолондоо маш сайн асаргаа авдаг. Эмч, сувилагчид найрсаг, нийтэч. Эр зоригтон тэдэндээ амжилтыг хүсье” хэмээн Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин Том Мур хэлж байлаа.

Аарцгаа гэмтээсэн түүнийг хөлд оруулагчтай явган алхахыг эмч нар зөвлөжээ. Ингээд тэр өдөр бүр 25 метр хашаагаа тойрон алхаж, түүгээрээ коронавирустэй тэмцэж буй эмч нарт туслах хандивын аян цуглуулахаар шийдэж, сүлжээнд байршуулсан байна. Эхэндээ тэр цэцэрлэгээ 100 тойрч чадвал 1000 фунт олно гэж бодож байжээ. Гэтэл хүмүүс түүний аяныг талархан дэмжиж, хандиваа өргөсөөр 33 сая фунт стерлинг болсон байна.

Том Мур дөрөвдүгээр сарын 30-нд 100 насны төрсөн өдрөө маш алдартай хүн болон тэмдэглэсэн юм. Түүнд гал сөнөөгчид, түргэнийхэн баяр хүргэж, 200 мянган ширхэг ил захидал хаягаар нь иржээ. Үүнийг нь байршуулахын тулд сургуулийн спорт заалыг түрээслэх хэрэг гарчээ. Түүнчлэн тэрээр хашаагаараа алхаж байгаад ийм их мөнгө цуглуулсныхаа төлөө Гиннесийн амжилтын номонд хүртэл багтсан юм. 100 настай өвөө өнгөрсөн арванхоёрдугаар сард мөрөөдлөө биелүүлэхээр Кариб руу явсан гэдэг.

Харамсалтай нь тэрээр 101 насныхаа ойгоос 87-хон өдрийн өмнө бурхан болжээ. Том Мур коронавирусийн хүндрэлээр нас барсан тухай охин нь мэдээлжээ.

Орчуулсан Э.Март : mir24.tv/news

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн