Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн/хуучин нэрээр түүх, археологийн хүрээлэн/ БНСУ-ын Соёлын өвийн захиргаа удирдлагын газар, Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн хооронд байгуулсан “Солонгос-Монголын хамтарсан соёлын өвийг судалж хамгаалах тухай гэрээ/2019/”-ний үндсэн дээр Академич С.Чулууны удирдсан “XVII зууны үеийн хотуудын судалгаа, соёлын өвийн хадгалалт, аялал жуулчлалын цогцолбор болгох нь” төслийн хүрээнд Завхан аймгийн Тэс сумын нутаг дахь Сүм толгойн балгаснаас 2019 онд илрүүлсэн монгол бичиг бүхий үйсэн ном, түвэд бичиг бүхий цаасан судрын тасархай, монгол бичиг бүхий цаасан номын тасархай зэрэг 21 ширхэг эд өлгийн зүйлсийг БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнд амжилттай сэргээн засварлав.

Тус сэргээн засварлах ажлыг Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны төв (Төвийн захирал Жон Сү Ён), Судлаач Хан Сон И, Жон Хүй вон, Пак Сү Жин нар хариуцан гүйцэтгэсэн байна.
Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны төв нь сударт тодорхой хэмжээний чийгшилт өгсний дараа бохирдлыг цэвэрлэж, тэнийлгэх ажлыг хийсэн бөгөөд цаасан судрын урагдсан хэсгүүдийг Ялам модны цаасаар сэргээж, бэхжүүлэлт хийсэн байна.

Үйсэн судрын хувьд целлюлозын давирхайгаар нийлүүлэн нааж бэхжүүлэлтийн ажлыг хийсэн байдаг. Ийнхүү хадгалалт хамгаалалтын ажлыг хийснээр үсэгнүүд нь тодорч харагдсан бөгөөд үрчийсэн болон урагдсан гэмтлүүдийг анхны дүр төрхөд нь ойртуулж сэргээн засварлалтыг хийснээр судрын агуулгыг тайлж унших боломжтой болсон байна.

Мөн хэт улаан туяаны зураг авалтыг хийснээр бичгийг нь сайн харж, унших боломжтой болж судрын судалгааны үндсэн суурь судалгааны материалыг бэлэн болгосон бөгөөд найрлагын анализ судалгааг хийснээр бичгийг бичсэн материал нь бэх, мөнгө, төмөр (Fe) зэргийн агууламж бүхий будаг болохыг тогтоосон байна.

Ялангуяа цаасан судрын хувьд радиокарбоны аргачиллаар хэмжилт хийж XV-XVII зууны үеийн судар болохыг тогтоосон бөгөөд цаасан дэвсгэр дээр нь индиго болон бэхээр суурь өнгийг нь тавьж өгсний дараа түүн дээрээ бичиж бүтээсэн болохыг тодорхойлон гаргасан байна.
Мэдээ бэлтгэсэн: Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Уртнасан
국립문화재연구소, 몽골이 의뢰한 17세기 나무껍질 경전 보존처리 완료 : 네이버 블로그 (naver.com)

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн