Минжний тархац, байршлын судалгааг өвлийн улиралд тэдгээрийн мод мэрсэн ул мөрт тулгуурлан тогтоодог арга зүй бий. Монгол орны нөхцөлд өвлийн улиралд голуудын дагуу мөсөн дээгүүр машин явах бүрэн боломжтой болсон үед минжний тархац байршлын судалгааг хийдэг.
Тухайлбал, Нийслэлийн Байгаль Орчны газраас Туул голд нутагшуулсан минжний тархац, байршлын мониторинг судалгааг энэ сарын 21-23-ны өдрүүдэд хийж гүйцэтгэжээ.
Тус судалгааны явцад судлаачид Туул гол дагуу машинаар болон явганаар явж нийтдээ 12 цэгт минжний шинэ, шинэвтэр, хуучин ул мөрүүдийг бүртгэжээ.
Уг судалгааг Нийслэлийн Байгаль Орчны газрын газраас Горхи-Тэрэлж, Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны холбогдох мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэсэн байна.
Минж нь ганц нэгээрээ биш, бүлийн амьдралтай амьтан бөгөөд минжний 1 бүлийн эзэмшил нутаг нь 5 км орчим газар байдаг жишгийг үндэслэн Туул голын дагууд тархсан минжний бүлийн байршлыг тогтоожээ.
Судалгааны багийнхан төлөвлөсөн маршрутын дагуу Туул голоо даган өгсөж, Хагийн хар нуур хүртэл бургасан шугуйг самнаж минжний хуучин ба шинэ ул мөр цуглуулсан байна. Судалгааны явцад орон нутгийн малчид, оршин суугчид, иргэдээс минжний ул мөр үзсэн харсан тухай аман мэдээлэл цуглуулан ажиллажээ. Мөн тус судалгааны явцад судлаачид Туул гол дагуу машинаар болон явганаар явж нийтдээ 12 цэгт минжний шинэ, шинэвтэр, хуучин ул мөрүүдийг бүртгэжээ. Нэр бүхий газруудад минжний тогтвортой сууршлууд байршиж байх магадлалтай гарсан байна.
Туул гол түүний цутгал голуудад шинээр нутагшуулсан минжний тархац байршлыг тогтооход шаардлагатай ул мөр мэрдэсийг дараах зургуудад үзүүлэв.
Нийслэлийн Байгаль орчны газар