Глоб Интернэшнл төв (цаашид ГИТ гэх) нь Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг дэмжин хамгаалах чиглэлээр 20 гаруй жил тууштай үйл ажиллагаа явуулж буй хараат бус, мэргэжлийн иргэний нийгмийн байгууллага юм.
Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх үндсэн эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх эрх зүйн орчин манай улсад хангалтгүй байгааг нийтээр хүлээн зөвшөөрч, одоо мөрдөгдөж буй 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулах асуудлаар тал бүрийн санаачилгууд өрнөсөөр ирсэн юм. ГИТ эдгээр санаачилгад цаг тухайд нь албан ёсны санал дүгнэлтээ өгч байсан.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулах өнөөгийн үйл явц дахь ГИТ-ийн оролцооны талаарх ташаа мэдээллийг залруулах үүднээс дараах МЭДЭГДЭЛ гаргаж байна.
Үүнд:
1. ГИТ нь ХЗДХЯ-ны дэргэдэх Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулах Ажлын хэсэгт албан ёсоор багтаагүй болно.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/203 тоот тушаалаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэгт ГИТ багтаж байсан хэдий ч ажлын явцад үл ойлголцол, санал, зарчмын зөрүүтэй байдлаас үүдэн Ажлын хэсгээс гарах тухай хүсэлтээ сайд Ц.Нямдоржид 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр өгсөн юм [1]. ГИТ нь 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн шинээр томилогдсон сайд Х.Нямбаатараас Ажлын хэсэгт орж ажиллах санал хүлээн авсан. ГИТ-ийн зүгээс уг саналыг албан ёсоор хүлээн авахаас өмнө дээрх байдал давтагдахаас сэргийлэхийн тулд сайдтай биечлэн уулзаж, шийдвэр гаргах шаардлагатай гэж үзээд, энэ тухай албан бичиг илгээсэн хэдий ч өнөө хүртэл хариу аваагүй. Иймээс, ГИТ нь тус Ажлын хэсэгт дахин ороогүй болно.
2. ГИТ нь Хэвлэлийн эрх чөлөөний төлөө Үндэсний түр зөвлөлд албан ёсоор нэгдээгүй болно.
ХЗДХЯ-наас 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулах тухайгаа олон нийтэд мэдэгдсэн. Энэ хүрээнд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэвлэл мэдээллийн эвсэл холбоод, мэргэжлийн байгууллагуудын зүгээс хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулснаа зарласан. ГИТ нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус ажлын хэсгийн төлөөллөөс “Хуулийн ажлын хэсэг”-т ажиллах саналыг цахим шуудангаар хүлээн аваад, Удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр уг саналаас татгалзахаар шийдвэрлэсэн юм. Энэ тухайгаа ч цахим шуудангаар хариу илгээсэн билээ. Гэвч өнөөг хүртэл ГИТ-ийг тус ажлын хэсэгт буй мэт, Хэвлэлийн эрх чөлөөний төлөө Үндэсний түр зөвлөлд нэгдсэн мэт буруу ташаа ойлголт үүсээд байна [2]. ГИТ нь хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт ороогүй бөгөөд Хэвлэлийн эрх чөлөөний төлөө Үндэсний түр зөвлөлд албан ёсоор нэгдээгүй болно.
3. ГИТ нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулах үйл явцад дараах зарчмын байр суурийг баримтална.
Үүнд:
ГИТ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжигч хараат бус, мэргэжлийн байгууллагын хувьд, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хөндлөнгийн, хараат бус шинжээчийн үүднээс санал дүгнэлтээ өгөхдөө, цаг ямагт баримталж ирсэн зарчмын байр сууриа хэвээр хадгална. Тухайлбал, Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцид тунхагласан иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн хангах, ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалах, ардчиллын зарчмаас ухрахгүй байхад анхаарч ажиллана. Мөн түүнчлэн, энэ чиглэлээр ажилладаг олон улсын шинжээчид, мэргэжлийн байгууллагуудын санал зөвлөмж, олон улсын хууль, зөөлөн хэм хэмжээг харгалзан үзнэ.
Глоб Интернэшнл төв
2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр
[1]. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн Ажлын хэсгээс чөлөөлөгдөх хүсэлтээ “Глоб Интернэшнл” өгчээ https://news.mn/r/2269728/
[2]. Сэтгүүлчид хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өөрсдөө боловсруулах санаачилгад нэгдлээ https://ergelt.mn/news/177/single/3749…