Монгол Улсын баатар, ЗОУ-ын Улаан тугийн одонт, Монголын ардын нам, төрийг үүсгэн байгуулагчдын нэг Дамдины Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд буюу энэ өдөр төржээ.
Монгол ардын нам, Aрдын Засаг, төрийг үүсгэн байгуулагч Mонголын түмний гарамгай хүү Д.Сүхбаатар одоогоос 128 жилийн өмнө энэ өдөр тухайн үеийн Маймаа (одоогийн Амгалан) хотноо ядуу ард Дамдины гэрт төржээ. Тэрбээр, бага насандаа харц ардын хүнд бэрх амьдралыг биеэр туулан, бусдад зарагдаж зах дээрээс мах үүрэх, мод түлээ зөөх, улаа нэхэх зэрэг ажил хийж ар гэрийнхээ ядуу амь зуулганд тусалдаг байв.
Д.Сүхбаатарын балчир ахуйд ард олны хүүхдийг сурган хүмүүжүүлэх улсын сургууль байгаагүй. Харин эцэг нь хүүгээ эрдэм номтой хүн болгохыг хичээж 1907 онд гүн С.Жамъянд шавь оруулан монгол бичиг, тоо бодлого заалгаснаар 14 настайдаа бичиг үсэгтэй болжээ.
Идэр залуу Сүх хүү 1911 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн дарга болсон юм. 1917 онд эх орныхоо төлөө дайнд манлайлан оролцож “Баатар” цолоор шагнагдсан байна. Улмаар 1919 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг болж, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн. 1921 оны гуравдугаар сарын 1-нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцон Ардын хувьсгалын үйл хэрэгт бие сэтгэлээ зориулсан түүхтэй.
1922 оны долдугаар сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжнаар томилогдсон билээ. 1921 оны 11 дүгээр сард ЗХУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Владимир Ильич Ленинтэй уулзсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэрбээр 1923 оны хосрдугаар сарын 20-нд 30 настайдаа таалал төгссөн билээ.
Монголын ард түмэн Дамдины Сүхбаатар жанжны мэндэлсэн өдрийг хүндэтгэн цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Бэлтгэсэн: Л.Баяр